Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Якоб Стаусхолм: Энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа боловч ямар нэгэн шийдвэр гараагүй

Ч.Сансар


АНУ-ын Засгийн газраас  "Resolution" хэмээх зэсийн төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна хэмээн Рио Тинто компанид удаа дараа "дарамт шахалт"  ирж байгаа аж.   Аризона  мужид оршдог уг орд нь АНУ-ын нийт батлагдсан зэсийн нөөцийн дөрөвний нэгийг агуулдаг гэж  тус компанийн тэргүүн Доминик Бартон 5 дугаар сарын 4-нд мэдэгджээ.
 
Зэс нь ногоон эрчим хүч рүү шилжихэд чухал ач холбогдолтой боловч тус төслийг Аризона мужийн уугуул иргэдийн бүх омгийн зөвлөлүүд эсэргүүцэж байна. Учир нь энэ төсөл хэрэгжвэл эртний уламжлалт  соёл, шүтлэгийн  өв  устах эрсдэл өндөр байгаа юм байна.

Рио Тинто  компани 2020 онд Баруун Австралид төмрийн хүдрийн уурхайн талбайд уугуул абориген иргэдийн эртний түүхэн өвийг сүйтгэсний дараа “Уламжлалт газар нутагт олборлолт явуулахад уугуул иргэдээс зөвшөөрөл авах ёстой” гэсэн НҮБ-ын зарчмуудыг баримтлах амлалт өгсөн юм.

Австрали дахь Рио Тинто компанийн  хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Бартон "Тэнд байгаа зэсийн нөөцтэй холбогдуулан биднийг цаг алдалгүй ажлаа эхлүүл хэмээн удаа дараа шахалт ирж байна" гэж хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгджээ. 

АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтад зэсийг оруулахыг АНУ-ын сенаторууд  эрмэлзэж байгаа тул "АНУ-ын Засгийн газрын зарим нөлөө бүхий бүлэг"-ээс дарамт шахалт ирж байна” гэж Бартон уулзалтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгов.


 

Рио Тинто компанийн  Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Бид энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа боловч ямар нэгэн шийдвэр гараагүй". "Энэ бол зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авах асуудал биш,  гол нь шийдвэр зөв гарах нь чухал." гэж нэмж хэлэв.

АНУ-ын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд газар эзэмших гэрээг АНУ-ын Ойн алба батлах гэж байгаа нь тус  компанид "Resolution" төслийг хөдөлгөх боломж олгож байгаа хэдий ч нутгийн уугуул иргэд газар шилжүүлэх, газар өмчлөлийг эсэргүүцэж байна. Рио Тинто сүүлийн есөн жилийн турш уугуул иргэдтэй “хамтран ажиллаж” байна гэж  Стаусхолм хэллээ. 

АНУ жилд 2 сая тонн зэс хэрэглэдэг ч 1 сая хүрэхгүй тонн зэс үйлдвэрлэдэг. АНУ-ын зэсийн эрэлт ойрын жилүүдэд огцом өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж:  mining.com