Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Дорноговь аймагт нийт 342 тусгай зөвшөөрөл олгогджээ

“Нээлттэй Дорноговь” чуулганы хүрээнд өрнөсөн уул уурхайн зөвлөгөөн

Г.Бадрал

Эрдэс баялаг, уул уурхайн ашигт малтмалын тоогоороо улсдаа тэргүүлдэг Дорноговь аймаг уул уурхайн зөвлөгөөнөө Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилготой “Нээлттэй Дорноговь” чуулганы хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн сэргэлтийг хангах, хөдөөд сайхан амьдрах боломжийг буй болгох, хөдөөд шилжин суурьшихаар ирвэл ямар боломж бололцоо байгааг харуулахаар зохион байгуулж буй “Нээлттэй Дорноговь” чуулгантай нэг өдөр давхцуулан зохион байгуулсан нь уул уурхайн салбарынханд ч энэ чиглэлийн бодлогоо хамтад нь танилцуулах гэсэн орон нутгийн зорилго байсныг дурдах нь зөв болов уу. 2016 оноос эхэлсэн уул уурхайн зөвлөгөөн тухайн цаг үеийнхээ асуудлыг тусгасан, асуудлыг шийдэх гэсэн агуулгатай явж ирсэн байдаг. 

Түүх сөхөхөд 2016 онд Дорноговь аймгийн нутагт ашигт малтмалын 561 тусгай зөвшөөрөл байв. Орон нутгаас байгаль орчны тодорхой хууль тогтоомжийг зөрчиж, ус ашиглах гэрээ байгуулдаггүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэггүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалддаг, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг бодлого явуулснаар гурван жилийн дараа  буюу 2019 онд  тусгай зөвшөөрлийн тоо 367 болж буурсан байдаг. Энэ тоо эдүгээ ч буурсан үзүүлэлттэй байгаа нь Дорноговь аймаг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг бодлогоор зохицуулахыг хичээн ажиллаж байгааг харж болох юм. Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан судалгаагаар 2023 оны гуравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт нийт 342 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 214, хайгуулын 128 тусгай зөвшөөрөл байна. Энэ тоогоороо Дорноговь улсын хэмжээнд тэргүүлж буй. Тусгай зөвшөөрлийн тоон мэдээллийг задлаад үзэхэд хайгуулынх буурч, ашиглалтынх нэмэгдэж буй жишээ харагдана. 

Тухайлбал тухайн газар дээр олон жил хайгуул хийж хөрөнгө санхүү зарцуулсан компаниуд  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө ашиглалтынх болгож байгаа үйл явц харагдаж  байгаа юм. Жонш, нүүрс, барилгын материал, төмрийн хүдэр, гөлтгөнө зэрэг төрлөөр ашигт малтмалын 20 орчим уурхай, баяжуулах үйлдвэрүүд Дорноговьд ажиллаж байна. Уул уурхайн салбарынхан энэ үеэр өөрсдийн үйл ажиллагааны сайн, бас муу жишээгээ ч хэлэлцсэн юм. 2018-2022 онд  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 64 аж ахуй нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн батлуулжээ. 2021 онд 33 аж ахуйн нэгж байгууллага тухайн жилийн  байгаль орчны менежментийн  төлөвлөгөөний дагуу  гүйцэтгэсэн ажлын тайланг холбогдох газарт тайлагнаж, 22 аж ахуй нэгж хангалттай, нэг аж ахуй нэгж хангалтгүй  дүгнэгдсэн. 

Тусгай зөвшөөрөл авчихаад тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулдаггүй, эсвэл баялгийг нь ухаад нөхөн сэргээлт хийдэггүй, тусгай зөвшөөрлөө хэн нэгэнд дамлан худалдах, арилжих, бусдад шилжүүлэх зэрэг үйлдлүүд байгаа нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуддаа ч нэрмээс болж байгааг албаныхан тодотгов. Зарим компаниуд сайжруулсан зам барьдаггүй шороон замаар нүүрс тээвэрлэдэг төдийгүй  тоосжилт ихтэй, замаар тээвэр хийж авто тээврийн осол гаргах тохиолдол ч цөөнгүй байна. Орон нутгаас Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэрт маршрут гаргаж өгсөн ч жолооч нар мөрддөггүй байх тохиолдлыг ч онцлов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд 2022 онд 11 сумын 30 аж ахуй нэгж 16591 мод  тарьсан бол 2023 онд 28825 мод тарихаар төлөвлөжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Айраг, Иххэт, Өргөн суманд үйл ажиллагаа явуулж буй “Монголрос- цветмет” ХХК, “Алтраг ахас” ХХК, “Хөх бишрэлт” ХХК 14 мянган модны суулгац, 14.2 сая төгрөгийг ногоон байгууламжид зориулан хандивласан байна. Дорноговьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн 27 аж ахуйн нэгжээс 13 нь нийт 69 тоолууртай үйл ажиллагаагаа холбогдох хууль дурмийн дагуу гүйцэтгэж буй бол Айраг, Даланжаргалан сумын 10 аж ахуй нэгж тоолуургүй байгаа юм. 


2022 оны уул уурхай дахь ус ашиглалтын хүрээнд ус ашиглах дүгнэлт, гэрээнд зааснаас илүү зөвшөөрөлгүйгээр ус ашигласан, тоолуургүйгээр ус ашигласан  найман аж ахуй нэгжид 78.3 сая төгрөгийн төлбөр ногдуулж төлүүлжээ. Уул уурхайн компаниудын татвар хураалтыг харахад  2020- 2022 онд орон нутгийн төсөвт давхардсан тоогоор 336 татвар төлөгч  24 тэрбум, 963.6 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн аж. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 13 суманд үйл ажиллагаа явуулж буй 25 аж ахуй нэгж 2656 ажилагсдын хэрэгцээнд 14 сумын 230 гаруй малчин, хүнсний долоон худалдаа эрхлэгчидтэй тогтмол хамтран ажиллаж  өргөн хэрэглээний есөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч 230 орчим сая төгрөгийн  орлогыг орон нутагт оруулсан байна. 

Цаашид хууль хэрэгжүүлж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй компаниудыг дэмжиж, хууль хэрэгжүүлдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг, татвар, нийгмийн даатгал болон   нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй компаниудтай хариуцлага тооцож ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга О.Батжаргал сануулсан юм.


Уул уурхайн салбарынхны энэ удаагийн уулзалт салбарын хууль тогтоомжийн эргэн тойронд хийгээд өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэсэн, ирээдүйд  юуг илүү анхаарч, ямар арга хэлбэрээр ажиллах вэ гэдгээ тодотгосон уулзалт болсон юм. 

Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал Даланжаргалан, Иххэт, Мандах, Өргөн, Хөвсгөл, Сайншанд сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Монцемент билдинг материалс” ХХК, “Говийн шандаст хүлэг” ХХК, “Фриендшип ресурсис” ХХК, “Билэгт баялаг” ХХК, “Талст дөл” ХХК, “Олон ихт баян” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, Монголросцветмет ТӨҮГ-ын Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн газар, “Доншен газрын тос /Монгол/”ХХК, “Түмэн айл инвест” ХХК-тай  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уул уурхайн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг дарга О.Бажтаргал болон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 61 аж ахуйн нэгжийн 148, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 49 аж ахуйн нэгжийн 63, боловсруулах, баяжуулах үйлдвэр, тээврийн компани, төрийн болон төрийн бус байгууллагын 139, нийт 350 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.