Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Livent, Allkem компаниуд нэгдсэнээр дэлхийн  тэргүүлэгч лити олборлогч болно

     Ч.Сансар

Allkem Ltd (ASX: AKE) болон Livent Corp (NYSE: LTHM) компаниуд нэгдсэнээр дэлхийн тав дахь томоохон лити үйлдвэрлэгч болох юм.  Хоёр компани  нийт 10.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй  бөгөөд  жилд 248 мянган тонн лити карбонат (LCE) үйлдвэрлэх хүчин чадалтай. Шинэ компани нь литийн шилдэг таван үйлдвэрлэгч  Albemarle (NYSE: ALB), Чилийн SQM (NYSE: SQM), Ganfeng Lithium (SHE: 002460) болон Tianqi Lithium (SHE: 002466) компаниудын дараа эрэмбэлэгдэх аж. 

Энэхүү өнгөт металлыг цахилгаан тээврийн хэрэгсэл болон өндөр технологи бүхий төхөөрөмжийн батарей үйлдвэрлэхэд ашигладаг. Австралийн Allkem компани Аргентин дахь Сал де Вида уурхайгаас түүхий эдээ олборлож, литийн карбонат үйлдвэрлэдэг. 2021 онд Galaxy Resources болон Orocobre хоёр нэгдсэний үр дүнд  Allkem компани нь Австралид хатуу чулуулгаас лити үйлдвэрлэх болж Японд химийн аргаар боловсруулах үйлдвэр байгуулжээ.

АНУ-д төвтэй Livent нь Аргентинд давсны уусмал үйлдвэрлэж, Канадад хатуу чулуулгаас лити олборлодог төсөл хэрэгжүүлсэн төдийгүй АНУ, Хятадад лити  боловсруулах үйлдвэрүүдийг ажиллуулж байна. Мөн тус компани General Motors, Tesla, BMW зэрэг АНУ-д байрладаг автомашин үйлдвэрлэгчидтэй нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ.

Шинэ компани нь Хойд Америкт байрладаг ба Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  бөгөөд Австралийн хөрөнгийн биржийн S&P/ASX 200 индекст бүртгүүлэхийг зорьж байна.

Хоёр компани нэгдсэнээр Канад, Аргентин  зэрэг ашиг хүртэнэ

Компаниудын нэгдэх явц 2023 онд багтаж дуусах төлөвтэй байгаа бөгөөд Allkem-ийн хувьцаа эзэмшигчид компанийн 56%-ийг, Livent-ийнх 44%-ийг эзэмшинэ.

"Хамтарсан компанийн хувьд бид үйлчилгээнийхээ цар хүрээ, бүтээгдэхүүний төрөл, газарзүйн хүрээг өргөжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар литийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангана" гэж Грэйвс мэдэгджээ.

Livent компани цахилгаан машин үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд оффшор бүсэд хүрээгээ тэлэхийг зорьж байгаагаа өмнө нь ярьж байсан бөгөөд хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд Канад болон бусад улс оронд байдаг литийн нөөц, ордуудыг судалж  байна гэж мэдэгджээ.

“Бид Канад улсыг  стратегийн гол түшиц газар  гэж харж байна. Бид идэвхтэй үйл ажиллагаа явуулна" гэж Грейвс өнгөрсөн 11 дүгээр сард өгсөн ярилцлагадаа хэлж байсан.

Литийн салбарын олон тооны гэрээ хэлцлүүд батарей үйлдвэрлэгч металлын үнэ ханш буурч байгаа үед хийгдэж байна. Тухайлбал, литийн үнэ 2022 оны эцэст тонн нь бараг 90.000 ам.доллар байсан бол 2024 оны 4 дүгээр сард 24.000 ам.доллар болж 50 гаруй хувиар буурчээ. Үнэ буурсан нь Хятадын цахилгаан автомашины салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдэхгүй байгаатай холбоотой гэж Benchmark Mineral Intelligence мэдээлэв. 

Сүүлийн хэдэн долоо хоногт литийн үнэ сэргэж, тонн нь 26.000 ам.доллар давлаа. Үнэ  огцом буурсан  ч Benchmark-ийн шинжээчид Ковид-19 цар тахлаас өмнө литийн үнэ ердөө 10.000 ам.доллар байсан гэж сануулжээ.

Эх сурвалж: mining.com