Д.Оюунчимэг
Уран гэдэг нь хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн монголчууд ойлгодог. Тэгвэл “Уран” гэдэг нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэг.
Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг.
Манай улс эрчим хүчний 20 хувийг хоёр хөршөөсөө импортолдог. Тэгвэл уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой гэдгийг физикч, доктор Н.Тэгшбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Одоогийн байдлаар дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Эрчим хүчний салбарыг зөвхөн нүүрсэнд тулгуурлаж хөгжүүлнэ гэдэг туйлширсан ойлголт болж буй. Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий нийт алт, зэс, нүүрс гэхээсээ илүү ураны тухай ярих болсон.
Дэлхий дээр цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашигладаг байна. 2040 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 50 хувиар өсөх төлөв ажиглагдаж буйг судлаачид онцолсон байна. Цөмийн цахилгаан станц бол цэвэр эрчим хүчний гол эх үүсвэр бөгөөд хэрэглээ өсөх хэрээр ураны эрэлт нэмэгдэж буй ажээ.