The Mongolian Mining Journal /Apr.2023/
Д.Оюунчимэг
“Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Энэ талаар тус компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
Та энэ хугацаанд гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Анх ажил хүлээж авахад санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсан.
Энэ хугацаанд 1.3 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Ингэхдээ дэглэм тогтоосон өдрөөс хойш энэ сарын 14-ний байдлаар 800 сая ам.долларыг бэлнээр оруулсан бол урьдчилж авсан орлогоор 270 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн. Урьдчилж авсан орлого гэдэг нь түрүүлээд мөнгийг нь аваад дараа нь нүүрсээр төлбөрөө хийдэг. Түүнээс гадна төмөр замтай холбоотой оффтейк гэрээний хүрээнд мөн 200 гаруй сая ам.долларын өр төлбөрийг гүйцэтгэсэн. Тэгэхээр бэлнээр оруулж ирсэн нь валютын орох урсгалыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн энэ оны нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс арилжиж, 795 сая ам.долларын борлуулалт хийсэн байна.
Цаашдын зорилго, төлөвлөгөөний талаар тодруулна уу?
Манай компанийн ТУЗ энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг баталсан. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” компани бүрэн хүчин чадлаараа ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах бололцоотой гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан. Тэгэхээр эхний улиралд борлуулсан нүүрсний хэмжээг бууруулахгүйгээр ажиллахад оны эцэст 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах боломжтой. Нөгөөтэйгүүр манай компани 13 жилийн түүхтэй. Гэхдээ сайн чанарын нүүрсийг борлуулж ирсэн нь сорчлон олборлосонтой холбоотой. Одоогоор эрчим хүчний болоод сул коксжих нүүрсний нөөц их байна.
Тиймээс сорчлохгүйгээр, гарч буй бүхий л бүтээгдэхүүнээ борлуулдаг болох зорилго тавин ажиллаж байна.
Эрчим хүчний нүүрсийг хил нөхцөлтэй, биржээр арилжаалж эхэлсэн. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?
Эрчим хүчний нүүрсийг хоёр удаагийн биржийн арилжаагаар 70 гаруй ам.доллараар 200 орчим мянган тонныг борлуулсан. Цаашид сул коксжсон нүүрсээ мөн биржээр арилжих зорилт тавьсан. Тэгэхээр оны эцэс гэхэд бүтээгдэхүүнээ сорчлохгүйгээр борлуулснаар зургаан сая тонн сул коксжсон нүүрс, 2-3 сая тонн эрчим хүчний нүүрсийг борлуулах бололцоо бий.
Нөгөөтэйгүүр манай компани зарж байгаа нүүрсээ аль болох үнэд хүргэх учиртай. Тиймээс угаах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж, гэрээний дагуу ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус үйлдвэр жилдээ 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор одоогийн борлуулж байгаа нүүрсний үнэ нэг тонн тутамд 60-80 ам.доллараар өсөх боломж бүрдэнэ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үр ашиг нэмэгдэх юм.
Мөн манай компанийн өртөг зардлыг бууруулах зайлшгүй шаардлага бий. Нүүрсний баяжуулах үйлдвэрт тооцоо хийж үзэхэд тээврийн зардал өндөр гарч байна. Тиймээс конвейерийн систем болон шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн тооцоогоор нэг тонн нүүрсийг зөөвөрлөх, угаахад 24 мянган төгрөг болно. Хэрэв конвейерийн системийг нэвтрүүлвэл энэ зардал 3400 төгрөгөөр хямдрах юм. Мэдээж компанийн хувьд ашгаа нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулахын тулд сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хэд хэдэн өр төлбөр бий. Тухайлбал, 2022 онд урьдчилаад 603 сая ам.долларыг авсан бөгөөд 585 сая ам.долларын үлдэгдэл байсан. Мөн 2019 онд гаргасан бондын өр төлбөрөөс 400 гаруй тэрбум төгрөгийг дахин санхүүжилт хийж борлуулалтын орлогоосоо төлсөн. Үүнээс гадна 260 сая ам.долларын урьдчилж авсан мөнгийг нүүрсээр яаралтай барагдуулах шаардлага бий.
Хувьцааны ногдол ашиг тараахаас илүү угаах үйлдвэр ашиглалтад оруулах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Яагаад?
2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгоё гэвэл нэг хүнд 100-120 мянган төгрөг олгох боломжтой. Гэхдээ компанийн хэрэгжүүлж байгаа төслүүдийг яаралтай дуусгах шаардлага байна. Тухайлбал, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар орлого нэмэгдэнэ. Энэ боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй гэж харж байна. Тэгэхээр ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулж илүү үр өгөөж хүртэх үү гэдэг сонголтыг хийх хэрэгтэй байна. Мэдээж бид асуудлаа ТУЗ-дөө танилцуулж, түүний дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцсийн шийдвэр гарах юм.
Тээвэрлэлтэд ямар ахиц, дэвшил гарч байна вэ?
Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөрт 3400 орчим машин хилээр гардаг байсан юм билээ. Бид экспортыг нэмэгдүүлж ажиллах хугацаандаа өдөрт тогтмол 800 гаруй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж байна. Оргил үедээ 1100 авто машин гарсан байдаг юм. Ингэхдээ аль болох дотоодын тээврийн компанийг ил тод нээлттэй зохион байгуулж, нүүрс тээвэрлэлтэд явуулж байна. Монгол Улсын хэмжээнд нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 мянган тээврийн хэрэгсэл байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр эдгээрийг бүгдийг нь хамруулах ямар ч боломжгүй учраас сонгон шалгаруулалт явуулахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр хилээр гарахад С зөвшөөрөл шаарддаг. Энэ зөвшөөрлийг авах 12-13 мянган хүсэлт ирсэн. Гэтэл 4680 зөвшөөрөл олгох боломжтой.
Тээврийн компаниудыг аль болох ажилтай болгохыг зорьж байгаагаа энэ дашрамд хэлье. Учир нь тээврийн компаниудын бүтэн жилийн хугацаанд төлдөг нийт татварын дүн энэ оны эхний улиралд 2.5 дахин нэмэгдсэн байна. Эндээс харвал нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр дотоодын тээврийн компаниудын орлого нэмэгдэж байна. Энэ өсөлт татвар, хураамж зэргээр улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч тодорхой нөлөө үзүүлж байгаа нь бас нэг ахиц гэж болно.
Өнгөрсөн жил гэрээ хийгээд төлбөрөө төлсөн, ачилт нь дуусаагүй хэдэн тонн нүүрс байна вэ?
Онцгой дэглэм тогтоох үед 178 гэрээ байснаас 133 нь ам нөхцөлтэй байсан. Үүнээс хугацаа нь дууссан гэрээг өнгөрсөн сарын сүүлчээр дуусгавар болгосон. Хугацаа дуусаагүй байгааг нь хэлцэл хийж хилийн бүс рүү шилжүүлсэн. Бүр тодруулбал, 87 гэрээнд биржийн үнээр нүүрсээ борлуулахаар тохирч чадсан.
Компани ашигтай ажиллаж байна гэсэн атлаа дөрвөн тэрбумын өртэй гэх юм. Хаана, хэр хэмжээний өр хуримтлагдсан бол. Хэзээ төлж дуусах вэ?
Хэд хэдэн өр төлбөр бий. Тухайлбал, 2022 онд урьдчилаад 603 сая ам.долларыг авсан бөгөөд 585 сая ам.долларын үлдэгдэл байсан. Мөн 2019 онд гаргасан бондын өр төлбөрөөс 400 гаруй тэрбум төгрөгийг дахин санхүүжилт хийж борлуулалтын орлогоосоо төлсөн. Үүнээс гадна 260 сая ам.долларын урьдчилж авсан мөнгийг нүүрсээр яаралтай барагдуулах шаардлага бий. Мэдээж богино хугацаат өр төлбөрийг тайлант хугацаандаа барагдуулна.