Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Финландад цөмийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үнэ 75%-иар буурлаа

Ч.Сансар

Финландын цөмийн реактор тогтмол цахилгаан гаргаж эхэлснээс хойш тус улсад өнгөрсөн сард эрчим хүчний үнэ 75 гаруй хувиар буурлаа.
Олкилуото 3 (OL3) станц нь өнгөрсөн сард туршилтын горимоос тогтмол ажиллагаанд шилжиж, Финландад дөч гаруй жилийн хугацаанд барьсан анхны   цөмийн станц боллоо. Уг станц нь тус улсын эрчим хүчний хэрэгцээний 15%-ийг хангана гэсэн тооцоо гарчээ.

Уг станц дөнгөж ашиглалтад орж байгаа ч энэхүү нээлт нь Финландын эрчим хүчний үнэ ханшийг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүллээ. Тус улсад 12 дугаар сард цахилгааны спот үнэ нэг мегаватт/цаг нь 245.98 евро байсан бол 4 дүгээр сард 60.55 евро болж, 75-аас дээш хувиар буурсан гэж Норд Пүүл цахилгаан эрчим хүчний биржээс мэдээллээ.

Украин Оросын дайны улмаас Финландын Засгийн газар хөрш ОХУ-аас өнгөрсөн жил цахилгаан импортлохыг хориглосны дараа Финландад эрчим хүчний үнэ огцом өссөн. Европын Холбоонд нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр Финланд улс тэргүүлдэг бөгөөд цөмийн станц ашиглалтад орсон нь   хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.

Финландын үндэсний сүлжээний оператор “Финрид” компанийн Гүйцэтгэх захирал Жукка Руусунен The National сонинд ярилцлага өгөхдөө 2027 онд салхины хүч  Финландын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох төлөвтэй байгаа, цөмийн эрчим хүч бол маш их хэрэгцээтэй болон найдвартай орлуулагч гэж тайлбарлав.

Тэрбээр салхины эрчим хүч илүү их хөрөнгө оруулалт татах чадвартай, харин байгаль орчинд ээлтэй олон хөрөнгө оруулагчид цөмийн эрчим хүчийг хар жагсаалтад оруулсан бололтой гэж тайлбарлав.
Гэсэн хэдий ч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй Франц, Швед, Польш, Унгар зэрэг ЕХ-ны олон улс орон цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа нь хэвээр байна.

Өнгөрсөн сард Польш улс 2029 он гэхэд  цөмийн 20 жижиг реактор барихад АНУ-аас дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бол Унгар улс Паксын атомын цахилгаан станцаа өргөтгөхөд анхаарч байна.
Европын олон оронд цахилгаан өндөр үнэтэй байгаа энэ үед өнөөгийн эрчим хүчний хямралыг хэрхэн шийдвэрлэж болохыг Финланд харуулж байна. 

Харин Герман эсрэгээрээ явж, өнгөрсөн сард үлдсэн гурван атомын цахилгаан станцаа хаасан. Германы инфляци нэмэгдэж, эрчим хүчний үнэ өсөж, үйлдвэрлэл  огцом буурсан зэрэг нь Олон улсын валютын сан (ОУВС) Германд эдийн засгийн хямрал болно гэж таамаглахад хүргэсэн.

 

Эх сурвалж: oilprice.com