Ч.Сансар
2023 онд нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт газрын тосны олборлолтоос давж, өдөрт 1 тэрбум гаруй доллар татах болно гэж ОУЭА мэдэгдэв.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) шинэ тайланд 2023 онд дэлхийн эрчим хүчний салбарт 2.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна гэж дурджээ. Үүний 1.7 их наяд гаруй долларыг цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлах систем зэрэг цэвэр эрчим хүчний технологид зарцуулахаар төлөвлөж байна.
ОУЭА-ийн Дэлхийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын тайланд нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт 2023 онд өдөрт 1 тэрбум гаруй доллар татах төлөвтэй байгааг бичжээ.
ОУЭА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол мэдэгдэлдээ, нарны эрчим хүчний салбарт орох хөрөнгө оруулалт нь "Анх удаа газрын тосны салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас давна" гэжээ.
Бирол CNBC-д ярилцлага өгөхдөө "чулуужсан эрчим хүчний хөрөнгө оруулалт болон цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын хоорондын зөрүү улам их нэмэгдэж байна" гэж хэлэв.
Үүнд гурван шалтгаан байсан гэж тэрбээр хэлэв.
Нэгдүгээрт, нар, салхи гэх мэт цэвэр эрчим хүчний өртөг "Улам хямдарч байна” гэв.
Хоёрдугаарт, улс орны засгийн газрууд "Цэвэр эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг шийдэх арга зам" гэж үздэг болсон.
Гурав дахь шалтгаан нь аж үйлдвэрийн бодлого. Үүнд АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хууль болон Европ, Япон, Энэтхэг, Хятадад хэрэгждэг олон хөтөлбөр, бодлогуудыг дурдаж болно.
Гэсэн хэдий ч нүүрс, хий, газрын тос энэ онд нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татна гэж ОУЭА таамаглаж байна.
ОУЭА-ийн тайланд "Өнөөдөр чулуужсан түлшний салбарт орж буй хөрөнгө нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх хувилбарт шаардагдах түвшнээс хоёр дахин их байна" гэжээ.
Огноо: 2023/05/23
Эх сурвалж: CNBC