Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Монгол улс зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтаж байна

А.Халиун

Жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан болон , сэргээгдэх эрчим хүчний  хэрэгцээ шаардлагын улмаас цэвэршүүлсэн зэсийн эрэлт дэлхийн хэмжээнд жил бүр 1,5-2,5 хувиар өсөж 2040 он гэхэд жилийн хэрэглээ 33 сая тоннд хүрэхээр байна. Бид 2022 оны байдлаар жилд 1,4 сая тонн зэсийн хүдэр баяжмал экспортлож гаргаж байна. Цаашид зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулж катодын зэс үйлдвэрлэсэнээр дагалдах төрөл бүрийн зэс утас, зэс хоолой, зэс хавтан, нунтаг зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулж эцсийн бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч нэмүү өртөг шингээх боломжтой.

Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Эрдэнэт,Оюутолгой, Цагаан суваргын ордуудаа түгшиглэн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг хөгжүүлж жилдээ 422,000 тонн катодын зэс үйлдвэрлэн экспортлох, зэсийн экспортын орлогыг 3,6 тэрбум ам долларт хүргэх зорилт бидэнд тавигдаж байгааг онцлон дурдая.

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох төмрийн нөөц 1,8 тэрбум тонн бөгөөд 4-5 сая тонн төмрийн хүдрийн баяжмалийг экспортонд гаргаж байна.Гэтэл барилгын арматурын хэрэглээний дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Тоо баримтаас харвал 2010 – 2022 онд 82 сая тонн төмрийн хүдэр баяжмал экспортолж 6 тэрбум ам долларын экспортын орлого олсон байна.Харин дээрх хүдрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол тухайн хугацаанд 37 орчим тэрбум ам долларын борлуулалтын орлого олох боломжтой байжээ.Манай дотоодын ган төмөрлөг бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 550-730 мянган тоннд хэлбэлздэг төмөр зам, бүтээн байгуулалт, барилгын салбарын өсөлттэй холбоотойгоор 2022 онд ган төмөрлөг бүтээгдэхүүний хэрэглээ 830 мянган тоннд хүрсэн бөгөөд цаашид барилгын салбарын өсөлт, томоохон бүтээн байгуулалттай холбоотойгоор 2025 онд хэрэглээ 1 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Иймд төмрийг нэмүү өртөг шингээн боловсруулж дотоодын хэрэглээг багадаа 50 хувь хангавал импортоос 300 сая ам доллар хэмнэх боломж бидэнд бүрэн нээлттэй байгааг эндээс харж болно. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д жилд 3 сая тонноос дээш хүчин чадалтай 100 гаруй хар төмөрлөгийн үйлдвэр, жилд 150 мянган тонноос дээш хүчин чадалтай 30 гаруй зэс хайлуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.