Ч.Сансар
Цөмийн реакторыг эхлүүлэхийг зогсоох тухай оршин суугчдын нэхэмжлэлийг Японы дүүргийн шүүх лхагва гарагт хэрэгсэхгүй болгов. Энэхүү шийдвэр нь эрчим хүчний үнийн өсөлтөд нэрвэгдсэн япончуудын хувьд ялалт юм.
Японы зүүн хойд хэсэгт оршдог Сендай дүүргийн шүүх Tohoku Electric Power компани нь ирэх жил Онагава цөмийн станцыг дахин ажиллуулж болно гэсэн шийдвэр гаргасан тухай Japan Times сонин мэдээллээ. Энэ нь 2011 онд болсон Фукушимагийн цөмийн гамшгаас хойш ажиллаж буй анхны цөмийн станц болох юм.
"Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хангалтгүй" гэсэн оршин суугчдын нэхэмжлэлийг шүүгч Мицухиро Сайто няцаав. Хэрвээ цөмийн осол гарвал замын түгжрэлээс болж олон хүн станцаас 18.5 милийн радиусаас гадагш гарч амжихгүй. Тэд цацраг туяанд өртөх эрсдэлтэй гэж оршин суугчид мэдэгдэв.
"Цацраг идэвхт бодисыг хэвийн бус ялгаруулахад хүргэж болзошгүй ослын аюул байна гэж бид үзэхгүй байна" гэж Сайто хэлэв.
Tohoku Electric компанийн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Цөмийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлөөр нэгэнт баталсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг тус компани хүсчээ.
"Шүүх бидний нэхэмжлэлийг хүлээн авсан. Бид нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг сайжруулахын тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно" гэж Tohoku мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа лхагва гарагт Токиогийн үнэт цаасны арилжаанд Tohoku компанийн хувьцааны ханш бараг 8%-иар өссөн байна.
Чулуужсан түлшний эрчим хүчний үнэ өсөж байгаа энэ үед 10 жил цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь зогсонги байсан Япон улс сүүлийн есөн сарын хугацаанд эрчим хүчний бодлогоо шинэчилжээ.
Эх сурвалж: Oilprice.com