Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн 200 ам.доллар орчим байна

Ч.Сансар


Дэлхийн эрчим хүчний нүүрсний үнэ энэ онд нэг тонн нь 200 ам.доллар орчим болж тогтворжиж байна. Энэ үнэ нь 2022 оны дээд үнийн тал хувьд ч хүрэхгүй гэж шинжээчид болон албаны хүмүүс хэлж байна.

Шинжээчид Ньюкасл маркийн нүүрсний жишиг үнэ энэ онд нэг тонн нь 175-212 ам.доллар орчим байна гэж таамаглаж байсан юм. Энэ үнэ нь Орос-Украины дайнаас өмнөх арван жилийн дундаж үнэ буюу 86 доллартай харьцуулахад огцом нэмэгдсэн боловч 9 дүгээр сард 440 ам.доллар байсантай харьцуулахад 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн жил барууны орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь европчуудыг эрчим хүчний нүүрсийг өндөр үнээр авахад хүргэж, дэлхийн зах зээлийн үнэ ханшийг өсөхөд нөлөөлсөн. Шатахууны үнэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нийт зардлын талаас илүү хувийг эзэлдэг.

Лондонд төвтэй DBX Commodities аналитик компанийн Гүйцэтгэх захирал Александр Клод “2023 онд үнийн хэлбэлзэл 2022 онтой харьцуулахад тогтвортой байна” гэж хэллээ. Гол шалтгаан нь Орос-Украины дайны улмаас үүссэн “эрчим хүчний шок”-ийн дараа худалдааны урсгал тогтворжсон учир 2023 онд үнийн хэлбэлзэл буурна гэжээ.
Argus Consulting компани энэ онд дэлхийн нүүрсний экспорт 4.4%-иар, импорт 5%-иар өснө гэж таамаглаж байна. Хятад улс импортоо 11%-иар нэмэгдүүлж, Австралийн экспорт гурван жил дараалан буурсны дараа 9.4%-иар өснө гэсэн хүлээлттэй байгаа юм байна.

Эрэлт ба нийлүүлэлт


Австралийн ахлах эдийн засагчийн тооцоолсноор Индонез, Австрали зэрэг тэргүүлэгч экспортлогч орнууд Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн зарим улс орны эрэлтийг хангахын тулд нүүрсний тээвэрлэлтээ нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Австралийн экспорт 7.8%-иар, Индонезийнх  2.4%-иар өсөж, Ази тивийн импорт 2.3%-иар нэмэгдэж,  852 сая тоннд хүрч, Европ руу тээвэрлэсэн ачаа 15%-иас илүү буурна гэж  Австралийн  эдийн засгийн алба тооцоолж байна.

Барууны орнууд хориг арга хэмжээ авсаны дараа ОХУ Азийн худалдан авагчдыг татахын тулд их хэмжээний хөнгөлөлт үзүүлж байсан ч одоо энэ давуу нөхцөл байдал цуцлагдаж байна.

Байгалийн хийн үнэ ханш энэ жил буурсан нь Европын нүүрсний хэрэглээ багасахад нөлөөлөх шинжтэй байна.
Хятадын эдийн засгийн сэргэлт таамаглаж байснаас удааширч байгаа ч энэ онд импорт өсөж, дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж буйг үл харгалзан нүүрсний үнэд илүү их нөлөө үзүүлж болзошгүй юм.

 

Эх сурвалж: Mining.com