Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын нүүрсний тээвэрлэлт Ази руу чиглэж байна

Ч.Сансар

Ойрын өдрүүдэд Европын нүүрсний тээвэрлэлт Ази руу чиглэж, ихээхэн хэмжээний нөөц хуримтлагдаж байна.

Ирэх улиралд Европ руу нийлүүлэгдэх Колумбын 7 сая тонн нүүрс  Азийн орнууд руу экспортлогдоно гэж Berge Bulk Ltd. компанийн Гүйцэтгэх захирал Жеймс Маршалл мэдэгдэв. Тус компани  эдгээр орнуудын хооронд усан онгоцны нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж. Цахилгаан станцууд болон гангийн үйлдвэрүүдийн ашигладаг нүүрсийг Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд худалдаж авахаар болсон гэж тэрбээр хэллээ.

Орос-Украины дайны улмаас Европ тив эрчим хүчний хямралд нэрвэгдэж, Европын хэрэглэгчид Колумбын нүүрсний импортыг өнгөрсөн онд 23%-иар нэмэгдүүлж, 30 сая тоннд хүргэсэн гэж усан онгоцны брокер BRS группээс мэдээлэв. Харин 8 дугаар сараас хойш байгалийн хийн үнэ ханш 90 гаруй хувиар буурсан тул цахилгаан станцууд нүүрсээс татгалзаж эхэлсэн.

Харин Хятадад  төлөвлөснөөс давсан нэмэлт нүүрс орж ирж байгаа нь нь далайн боомтуудын нөөцийг нэмэгдүүлж байна. Тус улс эдийн засгаа дахин нээж, дотоод үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ импортоо нэмэгдүүлсэн. Гэвч Хятадын эдийн засгийн сэргэлт хангалттай хэмжээнд хүрээгүй тул эрэлт нэмэгдээгүй.

Гэвч энэ нөхцөл байдал удахгүй өөрчлөгдөж магадгүй. Учир нь өнгөрсөн жил ган гачиг тохиолдож, энэ зун  маш их халуун байх төлөвтэй бөгөөд энэ нь усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний бусад эх үүсвэрүүдэд нөлөөлж байна.

Энэ жилийн хоёрдугаар хагаст Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирвал эрчим хүчний хэрэгцээ нь нэмэгдэнэ гэж Fitch Solutions-ын BMI хэлтсийн шинжээч Йоханн Тан хэлэв. "Зуны  их халуун  өдрүүд үргэлжилбэл  эрчим хүчний хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ" гэж тэрбээр онцлов.

 

Эх сурвалж: Mining.com