“Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс дэлгэрэнгүй тодруулга авлаа.
Танай компани жил бүр харилцагчдадаа шинэ техник технологио танилцуулдаг. Энэ удаад ямар техник танилцуулж байна вэ?
Энэ удаад бид харилцагчдадаа цахилгаан экскаватор танилцуулж байна. Энэ нь дизель хөдөлгүүртэй экскаватораас юугаараа давуу талтай болохыг онцолж байна. Цахилгаан экскаваторыг сонгосноор уул уурхайн компаниудад ямар ач холбогдолтой вэ гэдгээс эхлээд үүнийг ашигласнаас хөрөнгө оруулалтын өгөөжийг нөхөхөд ямар нөлөө үзүүлэх вэ зэрэг давуу тал болоод анхаарах зүйлсийг нь тайлбарлалаа. Энэ удаагийн танилцуулгад хамтран ажилладаг уул уурхайн компаниудын үйлдвэрийн төлөөлөл болсон инженерүүд оролцож байна.
Ер нь шинэ техник технологио жилд тогтмол 2-3 удаа танилцуулах төлөвлөгөөтэй. Нийслэлээс гадна том харилцагчдынхаа уурхай дээр хийх нь онол практикийн хувьд илүү өгөөжтэй байдаг.
Том оврын техник тоног төхөөрөмжийг засварлахад манай улсын хувьд боловсон хүчний дутагдалтай байна. Ер нь мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд юуг анхаарах ёстой вэ?
Дотооддоо боловсон хүчин бэлтгэх нь манайд тулгам даж буй асуудал мөн. Гэхдээ хүндрэл гэж харалгүй хэрхэн даван туулах вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Тиймээс зөв шийдэл нь дотоодын сургалтын байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байна. Тухайлбал, ШУТИС болон Механик инженерийн сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг ажилд авахаас гадна дадлагажигч оюутнаар ажиллуулдаг. Түүнчлэн манай сургалтын хэлтсийн сургагч багш нар уурхайнуудтай хамтраад дахин мэргэшүүлэх нарийн мэргэжлийн сургалтыг хийж байна. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд болон Герман-Монголын коллеж, Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг. Ингэснээр боловсон хүчний нөөц бололцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж байна.
Та бүхний бэлтгэсэн мэргэжилтэй боловсон хүчин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухай Та илтгэлдээ дурдсан.
Тэгвэл танай компанийн ажилтнууд олон улсын компанид ажиллах ур чадварын түвшнийг дүгнэвэл?
Канад дахь толгой компанид манай залуус богино болон урт хугацаанд дадлагажихын зэрэгцээ ажиллах боломжтой. Манай залуусын мэдлэг чадвар гадны компанийнхны түвшинд үнэлэгддэг. Тиймээс ажил гүйцэтгэх дадал, чадвар, мэдлэгтэй залуус дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боломж бүрдэж байна. Манайхаас Коматцу-гийн шалгуурыг давж сертификат авсан ажилчид дэлхийн аль ч уурхайд тэдний тоног төхөөрөмж дээр ажиллах боломжтой.
Танай компанийн борлуулсан техникийн засвар, үйлчилгээ явуулдаг салбарууд хаана байрладаг вэ?
Нийслэл хотод засвар үйлчилгээний төв ажилладаг. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд гагнуурын засварын төвийг байгуулан амжилттай ажиллаж байна. Тэнд гагнуурын засварыг голчлон хийдэг.
Ковидтой жилүүдэд бүхий л салбарт хүндрэл гарсан. Тэр дундаа хувийн хэвшлийнхэнд олон сорилт тулгарсан. Танай компани үүнийг хэрхэн даван туулсан бэ?
Цар тахал дэлхий даяар тархсан нь эдийн засгийн хүндрэлийг дагуулсан. Гэхдээ бид энэ хүнд үед ажлын байраа хадгалж үлдэх зорилго тавьж ажилласнаар амжилттай давсан. Мэдээж зайлшгүй ажлын байран дээр гарч ажиллах шаардлагатай үед ээлжийн зохион байгуулалтаар явсан. Түүнчлэн орон нутагт сэлбэг, бараа материалыг урьдчилан татаж төвлөрүүлсэн зэрэг оновчтой менежментээр зохион байгуулалт хийсэн нь үр дүнд хүргэсэн гэж болно. Ялангуяа тээвэр ложистикийн хүндрэл ковидын хамгийн том хямрал байсан. Бидний хувьд урьдчилсан төлөвлөлтийг зөв хийж хөрөнгөө хуваарилснаар цаг хугацаа алдах эрсдэл үүсээгүй.
Манай компани 2021, 2022 онд Монгол Улсын төсөвт 43.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Ер нь байгуулагдсанаас хойшхи хугацаанд бүх төрлийн татвар хэлбэрээр 220 гаруй тэрбумыг төвлөрүүлсэн нь Монгол Үндэсний татварын “А” зэрэглэлийн компани болсон нь бидний амжилт юм.
“Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд бүхий л төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. Энэ нь бизнесийнхэнд хэр өгөөжтэй байдаг вэ?
Цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Жишээлбэл, сэлбэг хэрэгсэл, техник тоног төхөөрөмж ихэвчлэн Замын Үүд боомтоор орж ирдэг. Тэгэхээр бичиг баримтын бүрдүүлэлтийг цахим системээр хийх нь илүү түргэн шуурхай байдаг.
“Трансвест Монголиа” компа нийн ирээдүйн зорилго юу вэ?
Монголын уул уурхайн салбарт ажилладаг компаниудад дэлхийн шилдэг техник тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр зорьж байна. Түүнчлэн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн амжилтаа тогтвортой хадгалж урт хугацаанд Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулахыг хичээж байна.