Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна 


Ч.Сансар

Казахстан
Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.

Мөн Казахстаны цөмийн эрчим хүчний компани “Казатомпром” ХК 5 дугаар сарын 25-нд Хятадын Үндэсний цөмийн корпорацид их хэмжээний ураны баяжмал нийлүүлснээ зарлав. EurAsia Daily сайтын мэдээлснээр Хятадын талтай 750 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байх магадлалтай аж.

БНХАУ-ын Төрийн хөгжлийн банк  Казахстаны Хөгжлийн банктай хамтран  аж үйлдвэрийн төслүүдэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ. Казахстаны банкны хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, "Дунд болон өндөр нэмүү өртөг шингэсэн, дотоодын онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдэд илүү ач холбогдол өгнө” гэжээ.

"КазМунайГаз" улсын эрчим хүчний концерний ТУЗ-ийн дарга М. Мирзагалиев Хятад, Казахстаны Атырау-Кенкияк, Кенкияк-Кумкол бүсэд газрын тос дамжуулах хоолойн өргөтгөлийн зардал 200 сая ам.долларт хүрэх магадлалай хэмээн мэдэгдэв. Энэхүү төсөл нь Кенкияк-Атырауын байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадлыг жилд 6-12 сая тонн, Кенкияк-Кумколын хүчин чадлыг жилд 10-15 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилготой юм.

Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр тус улсад бүртгэлтэй 15.129 гадаад ажилчдын 25% орчим буюу 3,652 нь хятад иргэд байна.


Узбекистан
Хятад улс Узбекистаны нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хятад - Дундад Азийн дээд хэмжээний уулзалтын үед гарын үсэг зурсан гэрээний хүрээнд нийт 4.8 гВт-ын хүчин чадалтай нар, салхины 11 цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгааг Узбекистаны Ерөнхийлөгч Ш. Мирзиёев хэллээ. Тус гэрээ  4.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Хятад-Киргизстан-Узбекистаны хооронд  төмөр замын ТЭЗҮ хийгдсэн, одоо бодит ажил эхэлнэ гэж Gazeta.uz мэдээллээ. Мөн Тээврийн сайд Илхом Махкамов "Узбекистан 24" телевизэд өгсөн ярилцлагадаа Хятад улс Узбекистаны хилийн дагуух ложистикийн төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

Киргизстан
Киргизстаны Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Бакыт Торобаев Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хийсэн ажлын айлчлалынхаа үеэр худалдааны асуудлуудаа ярилцлаа. Киргизстаны төлөөлөгчид дундын хил дээр шинэ шалган нэвтрүүлэх боомт байгуулах, бага оврын усан цахилгаан станц барих, Шинжаанд суралцах Киргизстаны оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 

Тажикистан
БНХАУ 2023 оны эхний 4 сард  Тажикстанд 7.1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж ASIA-Plus агентлаг мэдээллээ. Энэ нь тус хугацаанд Тажикистаны авсан нийт 24.2 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн бараг 30%-ийг эзэлж байна. Харин 24.2 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж нь өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин багассан үзүүлэлт юм. БНХАУ-ын дараа Тажикистанд хамгийн их тусламж үзүүлсэн  орны тоонд Бельги (17.1%), АНУ (14.7%), Турк (4.7%) улсууд оржээ. Энэ онд Тажикстанд нийт 39 улс хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.

Эх сурвалж: Oilprice.com