Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Наранцогт: Германтай хамтарч ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой

А.Халиун

Монгол-Германы эдийн засгийн хорооны IX хуралдаан 2023 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. Хуралдааныг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус хорооны Германы талын ахлагчаар сэргээгдэх эрчим хүчний төсөл боловсруулах, хөгжүүлэх, санхүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг WPD ХХК-ийн Ерөнхий захирал ба Азийн бүсийг  хариуцсан захирал Ханс-Кристоф Брумберг ажиллажээ.

Хуралдаанд хоёр орны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцож, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал бодлоо солилцсон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон үр дүнгийн талаар  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцаж дэлгэрэнгүй тодруулга авлаа.
 
Монгол-Германы эдийн засгийн хороо хэзээ байгуулагдсан болон  ямар үүрэг чиглэлийн хүрээнд ажилладаг талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-Монгол-Германы эдийн засгийн хорооны хуралдааны төлөөлөгчид хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой.
“Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 2011 оны аравдугаар сард  байгуулсан.

Эдийн засгийн хороо нь хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол, Германы аж ахуй эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үүд хаалгыг нээх, хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг бизнес эрхлэгчдэд танилцуулах, улмаар хоёр орны эдийн засаг, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Монгол Улс ХБНГУ-тай 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм.

Цар тахлын дараа хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж, 2022 оны байдлаар худалдааны эргэлт 208 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 26.0 сая ам.доллар, импорт 182.8 cая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс голлон хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн экспортолж, техник тоног төхөөрөмж, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон нефтийн бүтээгдэхүүнийг импортолжээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, боловсрол, соёл, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг бусад салбарт эрчимтэй хөгжиж байна.

 

-Энэ удаагийн IX хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв?

-Хуралдаанд ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик болон боловсролын салбарын нийт 40 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцож, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн хоёр орны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар төр, засгийн байгууллагууд  бодлого, эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулга хийлээ.

-Монголын талаас Герман улстай эдийн засгийн ямар чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн бэ?

-Ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, тээвэр логистикийн салбарт хамтарч ажиллах тодорхой саналууд тавилаа. Тухайлбал, Чухал болон ховор металлыг олж илрүүлэн олборлох, баяжуулан боловсруулах чиглэлд ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсаас тогтвортой нийлүүлэлтийг бий болгох нь хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэсэн.

Хоёр улс ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх өргөн боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, төмрийн хүдэр боловсруулж, сайн чанарын ган үйлдвэрлэх. Түүнчлэн ил уурхайн хөрс хуулалт, олборлолтод конвейрийн системийг нэвтрүүлэхэд Германы  компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Тодорхой нэр төрлийн ховор метал, газрын ховор элементийн хамтарсан судалгаа, хайгуул хийх, олборлох, баяжуулан боловсруулах нарийвчилсан чиглэлийг тогтоож харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.  

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах ямар шийдэл харагдаж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж байгаа салхин цахилгаан станцын төслийн хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх тал дээр дараах саналыг Засгийн газар хоорондын Ажлын хэсэгт дэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Салхин цахилгаан станцын гэрээний хэрэгжилт дээр нэг талаас гэрээний заалтыг талууд харилцан сайтар ойлголцож хамтран ажиллах шаардлага бий.

Түүнчлэн тус улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан салхины цахилгаан станцыг хэлбэлзэлгүй цахилгаан үйлдвэрлэх нэмэлт боломжийг бүрдүүлэх техникийн шийдэл бий болгох асуудлыг Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг авч үзэхийг хуралдааны үр дүнг хэлэлцэх санал, дүгнэлтдээ бид цохон тэмдэглэсэн.

-Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн өртөг өндөр зэрэг  асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх ямар гарц шийдэл харагдаж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих чиглэлээр хэрэглэгчдээс авч буй төлбөр хураамжийг тусгай данс эсвэл санд төвлөрүүлж хуримтлагдсан эх үүсвэрийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, тогтолцоог сайжруулах чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргах шаардлага бий. Түүнчлэн цаашид шинээр сэргээгдэх эрчим хүчний станц барих тохиолдолд станцыг нар, салхины хосолсон хэлбэрээр хураагуурын хамт барих технологийн стандарт шаардлагыг гаргаж хэрэгжилтийг хангуулж ажиллах нь зүйтэй юм.

-Боловсролын салбарт Герман улстай хамтран ажиллах ямар боломж байгаа бол?

-Уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжих хүрээнд Монголын их, дээд сургуулиудын сургалт, судалгааны лабораторийн материаллаг баазыг сайжруулах, нарийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлэх  боломжтой гэж үзсэн. Тэр дундаа Налайхад байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааг MСҮТ-н чиглэлээр төрөлжүүлж хөгжүүлэх талаар хоёр тал санал нэгдлээ.  

Мөн ХБНГУ-д нарийн мэргэжлээр суралцаж байгаа болон Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллуулж дадлагажуулах боломжийг бий болгоход хоёр талын холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

-Германы талаас манай улсад агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх боломжтой санал тавьсан. Тэр нь ямар санал байв?

-Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд ерөнхий зориулалтын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх буюу жижиг оврын нисдэг тэргээр хямд өртгөөр нислэг үйлдэх үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэдгээ Германы талаас танилцууллаа. Энэ нь уул уурхай, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой тул хоёр улсын Иргэний нисэхийн асуудал хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж богино хугацаанд тодорхой шийдлүүд гаргая гэж хэлэлцээрийн үеэр талууд санал нэгдсэн.

Монгол-Германы Эдийн засгийн хорооны IX хуралдаан нь хоёр орны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны шинэ санал, санаачилга дэвшүүлсэн, үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болсныг эцэст нь дүгнэн хэлмээр байна.