Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Метан хий олборлохын тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх хэрэгтэй

Ж.Золжаргал:

Метан хий олборлохын тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх хэрэгтэй

 

Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын болон нөөцийн судалгааны ажлын талаар “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

 

Д.Оюунчимэг

 

Нийслэлийн утааг буу­руула­хын тулд сайжруулсан түлш оновчтой шийдэл биш гэдгийг цаг хугацаа харуул­лаа. Тэгвэл бидэнд өөр ямар боломж байна вэ? Сүүлийн үед метан хий  ашиглах нь утааг бууруулах нэг гарц гэх болсон. Тэгэхээр бидэнд энэ хийг ашиглах ямар нөөц бололцоо байна вэ?

Метан хийн хайгуул, судалгааны ажилд  хайгуулын хэд хэдэн компани таван жил гаруй хугацаанд ажиллаж байна. Арваад жилийн өмнө “Монголын Алт” МАК компанийн Нарийнсухайт, “Эрдэнэс Таван­толгой”-н уурхай дээр судалгаа хийж байсан. Манай улсын хувьд боломж байгаа хэдий ч ашиглалтын нөөц одоогоор  судлагдаагүй гэж   болно. Хамгийн богино хугацаанд бодитоор хэрэгжих боломжтой нь нүүрсний уурхайг түшиглэх явдал. Учир нь нүүрсний уурхайн олборлолтын явцад метаны давхарга  тодорхой  харагддаг. Өөрөөр хэлбэл, уурхайн зарим хэсэгт шүүрлийн уснаас бөмбөлөг үүсч шатаж байгаа үзэгдлүүд ажиглагддаг.

Нөгөөтэйгүүр судалгаа хийсэн нүүрсний ордууд дээр  тодорхой хэмжээний жижиг хүрээнд туршилтын олборлолт явуулах боломжтой. Ингэснээр метан хийг дизелийн хөдөлгүүртэй адил генератораар цахилгаан болгон хувиргах боломж бий. Цахилгаан үүсгүүрийн технологи  харьцангуй энгийн ойлголт. Тэгэхээр бид богино хугацаанд метан хийн ашиглалтыг туршиж үзэхийн тулд уламжлалт бус газрын тос, метан хийн хайгуулын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэвэл чамгүй хугацаа орно. Учир нь суурь судалгаа, хайгуулд нэлээдгүй зардал гарахаас гадна нөөц илэрч орд болтол урт хугацаа шаардагдана.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд  тогтоосон нөөцийн судалгаа байхгүй. Хайгуулын зардал өндөр учраас улсын төсвөөс энэ зардлыг хариуцаад  шууд тогтоосон нөөц  байхгүй гэж хэлж болно. Ойролцоогоор 7.4 триллион шоо метр гэсэн судалгааны таамаг төдий баримт байдаг. Энэ бол нөөц биш баялаг. Энэ судалгаа нь Монголын  нүүрсний 15 ордыг түшиглэн Австралийн судлаачдын гаргасан тодорхой бус таамаг төдий тоо. Өрөмдлөг хийж, хайгуулын үйл ажиллагааны үр дүнг тооцсоны дараа нөөц тодорхой болно.

 

Нүүрсний уурхайг түшиглэн метан хий олборлох боломжтой юм бол өнөөдрийг хүртэл яагаад үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ?

Нүүрсний уурхайнуудын хувьд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь метан хий олборлоход зориулагдаагүй. Магадгүй метаныг ашиглаж багахан буюу 1-5 мВт-ын цахилгаан үйлдвэрлэх төдийхнөөр хязгаарлагдаж болно. Нөгөөтэйгүүр метан хийг олборлохын тулд дахин шинэ  хөрөнгө оруулалт шаардагдана. Мэдээж технологи, тоног төхөөрөмжөөс эхлээд их хэмжээний санхүүжилт шаардлагатай болно. Гэтэл хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдвэрлээд ашиглалтын шатанд очиход  Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах  шаардлагыг төр, засгийн зүгээс  тавьдаг.  Олборлож байгаа нүүрсний хэмжээтэй харьцуулбал өчүүхэн бага, хаягдал хий. Дээр нь олборлосон хийг шууд борлуулах боломжгүй, шатаагаад багахан хэмжээний цахилгаан үйлдвэрлэнэ. Тэгээд үйлдвэрлэсэн цахилгааныхаа ашгаас хуваах юм уу. Энэ нь нүүрсний уурхайнуудын хувьд тохиролцох боломжгүй нөхцөл. Учир нь тэдний хувьд хий ашиглах явц төвөгтэй, шинэ салбар хэрнээ хүртэх ашиг бараг байхгүйтэй адил гэсэн үг л дээ.

Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайгаас метан хий олборлох талбай нь “цэг” төдийхөн байж болно.  Тиймээс л метан хий олборлох тал дээр нүүрсний уурхайнуудад  төдийлөн сонирхол бага, хойрго хандаж байгаа юм.

Харин уламжлалт бус аргаар том талбайд хайгуул хийгээд ашиглах боломж гарвал Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж болно. Метан хийн хайгуулын компаниуд ирээдүйд эрэлттэй гэдгийг бодитоор харуулахын тулд нүүрсний уурхайнуудтай тохиролцож,   туршилтын олборлолт явуулах бас нэг гарц байж болно.

Энд бас нэг зүйлийг онцолмоор байна. Биржид бүртгэлтэй компаниуд хувьцааныхаа үнийг өсгөх зорилгоор үе үе “метан хийн мянган жилийн нөөцтэй боллоо” гэх мэдээлэл цацаж зохиомол хүлээлт олон нийтэд үүсгэдэг.

 

Метан хийг олборлоод, ашиглаад эхэллээ гэж төсөөлье. Тэгвэл Монгол Улсыг 100 хувь цахилгаан болон түлшээр хангахын тулд хэдий хэмжээний нөөц  шаардлагатай вэ? u

 

Ямар ч төрлийн нүүрсэнд метан хий байдаг. Тэр утгаараа газрын доорх нүүрсэнд нэг тоннд хэчнээн хэмжээний метан хий агуулагдах вэ гэдгийг тооцоолж үзэхээр  асар их тоо гарна. Энэ бол байж болох түүхий эдийн таамаг. Түүнийг үйлдвэрлэлийн нөөц болгохын тулд өрөмдлөг хийнэ. Ингэснээр  метаны давхарга хөдөлгөөнд орсон эсэх, нэвчилт нь ямар хэмжээнд хүрсэн, нүүрсэн дундуураа урсаад  миграц хийсэн  зэргийг тогтоох  давхаргын физикийн судалгаа болон нөөцийн модель хийх хэрэгтэй.

Манай улсын хувьд метан хийн модель хийх туршлага бага. Гэхдээ гадна, дотны мэргэжилтнүүдийн хийсэн  судалгаанд тулгуурлаад  үүнийг хийж болно. Хамгийн гол нь ингэж нөөцийг  тогтоохын тулд хугацаа, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Мэдээж хийн эх үүсвэртэй болоод  үндэсний хэмжээний хэрэгцээгээ хангах боломж байна. Гэхдээ одоогоор онолын хувьд.

 

Дэлхий нийтэд метан хийн эрэлт хэрэгцээ хэр нэмэгдэж байна вэ?

Метан хий гэдэг бол байгалийн хий. Дэлхийд эрэлт ихтэй. Манай улсын хувьд өөрсдөө ашиглахаас гадна экспортлох боломжтой. Ер нь нүүрсний давхаргын хий гэдэг бол байгалийн хий шиг нэг дор хуримтлагдсан, олборлолт, үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрдэггүй. Учир нь нүүрсний метан хий тархац элбэгтэй боловч хуримтлал бага,  ашиглахад өртөг өндөртэй. Тиймээс нүүрсний метан хий нь байгалийн хийн ордтой харьцуулбал эдийн засгийн хувьд өгөөж бага.

 

Уран олборлоод эхэлвэл цөмийн цахилгаан станцтай болж эрчим хүчний хараат байдлаас гарчихна. Метан хийгээ олборлоод ашиглаж чадвал утаанаас   салж болох юм. Гэхдээ бид ашиглахын тулд юу хийх ёстой вэ?

Салбарын мэргэжлийн байгууллага бодлогын хүрээнд хайгуулын ажилд анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Газрын тосны тухай хуульд “уламжлалт бус газрын тос” гэсэн нэр томьёо орж ирсэн. Үүнийг дагаад хууль эрх зүйн орчноо сайжруулж, төрөөс маш сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Компаниудад төлөвлөгөө, төсөөлөл байгаа. Тиймээс эхлээд нөөцөө тодорхойлоод дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгаа нарийн тооцох нь зүйтэй юм.

Төр, засгийн бодлого шийдвэр болон орон нутаг хэр сайн ойлгож дэмжихээс метан хийн салбарын хөгжил болоод ямар хугацаанд хэрэглээнд нэвтрэх нь шууд хамаарна. Түүнээс гадна богино хугацаанд үр дүн харуулахыг хүсвэл нүүрсний уурхайнуудаа түшиглэж ажиллах нь  илүү боломжтой. Хэрэв хамтарч болдоггүй юм бол нүүрсний уурхайнуудад метан хий  ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Учир нь   далд уурхай руу олборлолт хийхэд  метаныг уурхайн хөндийгөөс түрж  гаргах шаардлага үүснэ. Энэ үед шатаагаад цахилгаан үйлдвэрлэж болно. Хэрэв энэ мэтчилэн ашиглахгүй агаарт дэгдэн уусах юм бол  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн үг.   Компаниуд цэвэр эрчим хүч болгон ашиглая гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хэрэгтэй болдог.  Өөрөөр хэлбэл, тухайн уурхайд метан хийг зохих хэмжээнд ашиглах эрх зүйн орчныг нээх ёстой. Бодит үр дүн бий болсноор  том хэмжээгээр буюу уламжлалт бус газрын тос гэдэг утгаар нь метаныг олборлох,  ашиглах  боломж бүрдэнэ.

 

Дотоодын компаниуд метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, хугацааг хэлж болох уу?

Хэд хэдэн компани хайгуул хийж байна.  Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн “Номгон-9”  талбайд туршилтын олборлолт хийсэн. Компаниуд хайгуулаа хийгээд, нөөцөө тодорхойлж байна. Нөөцөө тодорхойлсоны дараа үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөнө. Хэрэглээнд нэвтрүүлэхээс  өмнө ТЭЗҮ-ийг дахин  боловсруулж, шингэрүүлэх үйлдвэр барих уу, дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ гэх зэрэг асуудлууд  гарч ирнэ. Мөн нөөцөөсөө хамаарч орон нутагт нийлүүлэх үү, шууд нийслэлд хүргэх үү гэх мэтчилэн тээвэрлэлттэй холбоотой шийдлүүд гарч ирнэ. Магадгүй хоолой татах уу, машинаар зөөх үү гэдэг нь тодорхой болох болов уу.

Ер нь метан хийг дамжуулах том хэмжээний хийн хоолойтой байх шаардлага үүснэ. Дамжуулах хоолойг нийслэл рүү татна гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт  шаардлагатай болно.  Улаанбаатар хотын дундуур дамжуулан тээвэрлэх  сүлжээ бий болгох учиртай. Энэ нь магистрал хоолой шиг өндөр зардал гарна. Тиймээс дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх, хөрөнгө оруулалт хаанаас татах вэ гэх мэтчилэн асуудлууд ар араасаа гарч ирнэ.

Нөгөөтэйгүүр, газар дээр нь шингэрүүлж, LNG болгон ашиглах боломжтой бөгөөд хийн хоолой барьснаас бага зардал гарна. Бас нэг гарц байж болно. Тухайлбал, метан хийг олборлоод химийн боловсруулах үйлдвэрт хувиргалт хийж, DME төрлийн хий болгож болох юм. Энэ нь хойд хөршөөс импортолдог пропан,  бутантай төстэй баллонд савладаг хий гэсэн үг. Үүнийг гэр хороололд ашиглах туршилтыг “Монголын алт” МАК, MCS, “Бодь интернэшнл” группийн нүүрс хийжүүлэх төслийн хүрээнд арваад жилийн өмнө  хийж байсан. Тэгэхээр баллонтай хийг түгээж, тээвэрлэхэд  хялбар. Хамгийн гол нь монголчууд метан хийгээ ашиглахын тулд нөөцөө тогтоох хэрэгтэй.

 

Нийслэлчүүдийн хувьд утаа тулгамдсан асуудал учраас метан хийн нөөцийг тогтооход зарцуулах хугацааг  хүлээх боломжгүй. Тиймээс нүүрсийг олборлож, хийжүүлээд DME төрлийн хий болгон хувиргах технологийг нэвтрүүлэх хувилбар байж болно. Хэдийгээр дээр дурдсан компаниуд  нүүрс хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан ч тухайн үед хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдээгүй.

 

Хамгийн ойрхондоо Улаан­баатарын утааг метан хийгээр шийдэх хугацааг тодорхойлох боломжгүй гэж ойлгож болох уу?

Нийслэлийн утааг бууруулахад жил бүр хэдэн   зуун тэрбумаар хэмжигдэх хөрөнгө зарцуулж байна. Нэн тэргүүнд нүүрсийг хийжүүлж DME болгон хувиргахад анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх нь  чухал асуудал гэж харж байна. Үүнийг төр эсвэл хувийн хэвшил хийх ёстой гэсэн туйлшрал байж болохгүй. Хөрөнгө оруулалтын хэлбэр төр эсвэл хувийнх аль нь ч байж болно. Гагцхүү  утааны асуудлыг л нэгмөсөн шийдвэрлэхэд   нийгмийн анхаарлыг хандуулж, бодлогын зохицуулалт  хийх хэрэгтэй гэж боддог. Алсдаа нүүрсний давхар­гын метан хийн томоохон нөөц бэлтгэгдэж, олборлолт эхэлбэл утаан­ы асуудлыг шийдэх, эрчим хүч­ний эх үүсвэр бий болгох, экс­порт­лоход ч зах зээл хангалттай бий. n