Ч.Сансар
Узбекистан Оросын “Газпром” компанитай ойрын хоёр жилийн хугацаанд жил бүр 2.8 тэрбум куб метр байгалийн хий худалдан авахаар тохиролцлоо. 10 дугаар сарын 1-нээс өдөр бүр 9 сая куб метр хий нийлүүлж эхэлнэ. Хийн тарифыг Узбекистаны зах зээлийн үнэ ханш дээр үндэслэн тогтооно гэж Эрчим хүчний яам 6 дугаар сарын 19-нд мэдэгджээ.
Москва Дундад Азийн орнуудад байгалийн хий нийлүүлэх худалдааны гэрээ байгуулах гэсэн удаа дараагийн оролдлого ийнхүү амжилтад хүрчээ.
ОХУ-аас Узбекистан руу хий дамжуулахын тулд Төв Ази-Төв буюу CAC хоолойгоор Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулан гаргах шаардлагатай. Өмнө нь энэ хоолойгоор дамжуулан хийг урдаас хойд зүгт нийлүүлдэг байсан юм.
Энэхүү гэрээг эсэргүүцэгчид Узбекистан Оросын байгалийн хийн хараат байдлаас зайлсхийх ёстой гэж үзэж байна. Тэд мөн Узбекистаны Засгийн газар улс орныхоо баялгийг зөв зохистой ашиглаж чадахгүй байгаад харамсаж байна. Өнгөрсөн жил л гэхэд Ташкент Хятад руу хий гаргаж ихээхэн ашиг хүртэж байсан. Гэвч орон даяар эрчим хүч олон удаа тасалдасны улмаас олон нийтийн бухимдал үүсч, хийн экспортыг зогсооход хүрсэн.
Орос улс энэ хямралтай үед бизнесийн том боломж хэмээн харж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путин Москвад Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзах үед Узбекистантай хамтарсан “гурван талт байгалийн хийн холбоо” байгуулах санаагаа илэрхийлжээ.
Энэ оны 1 дүгээр сарын сүүлээр Узбекистан ОХУ-тай CAC хоолойгоор хийн урсгалыг өөрчлөх боломжийг судлах тохиролцоонд хүрсэн юм.
9 дүгээр сар гэхэд хийн шинэ тоолуурын станц барих шаардлагатай гэж Узбекистаны Эрчим хүчний яам мэдэгдэв. Мөн хий шахдаг гурван станцыг шинэчилж, 22 километр хоолой нэмж суурилуулахаар төлөвлөжээ.
Байгалийн хийг Узбекистан руу дамжуулах нөхцөлийн талаар Газпром Казахстаны QazaqGaz компанитай тохиролцоонд хүрсэн. “Гэрээнд жил бүр 6 тэрбум куб метр хий худалдана гэж тусгасан нь Узбекистанаас гадна Дундад Азийн бусад улс орнууд "Газпром"-ын шатахуун импортлохыг эрмэлзэж байна” гэж "Коммерсант" сонин бичжээ.
Оросын хий худалдаж авах хамгийн өндөр магадлалтай улс нь Казахстан болон Киргизстан болж байна.
Энэхүү байдал нь ОХУ-ыг Дундад Ази руу хий экспортлох, импортлох нөхцөлийг бүрдүүлж байна. CAC хоолойг өнөөг хүртэл Туркменистанаас хойд зүгт хий дамжуулахад ашиглаж байсан.
Газпром 2024 он хүртэл үргэлжлэх гэрээний хүрээнд 2022 онд Туркменистанаас 5 тэрбум куб метр хий импортолсон гэж Туркменистан дахь Оросын Элчин сайд асан дурджээ. Москвагийн Эрчим хүч, Санхүүгийн хүрээлэнгийн эрчим хүчний зах зээлийн шинжээч Сергей Кондратьев "Коммерсант" сонины асуултад “Узбекистаны хийн дотоодын хэрэгцээ 2022 онд 48.4 тэрбум байсан бол 2023 онд 51-52 тэрбум куб метр болж өснө” хэмээн хариуллаа.
Эх сурвалж: oilprice.com