Ч.Сансар
Аргентины анхны литийн батарейны үйлдвэр 9 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд АНУ-ын Livent Corp компанийн олборлосон металлыг тус үйлдвэрт ашиглана гэж уул уурхайн албаныхан өнгөрсөн сарын 1-нд мэдэгдэв.
Аргентины газрын тосны YPF компанийн Y-TEC салбарт байгуулсан шинэ үйлдвэрт Livent компани энэ оны эхээр лити нийлүүлэхээр тохиролцсон байна. Y-TEC компанийн ерөнхийлөгч Роберто Салварезза "Тун удахгүй бид Аргентинд анхны лити-ион батарей үйлдвэрлэж эхэлнэ" гэж мэдэгдлээ.
Аргентин бол дэлхийн дөрөв дэх том литийн үйлдвэрлэгч. Өмнөд Америкийн "литийн гурвалжин" гэж нэрлэгддэг Чили, Боливи, Аргентин улсууд дэлхийн хамгийн том литийн нөөцийг эзэмшдэг.
“Энэхүү төсөл нь ирээдүйн төслүүдэд түүчээлнэ гэж найдаж байна. Уул уурхайн салбар дахь нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл юм” гэж Аргентины Уул уурхайн сайд Фернанда Авила хэллээ.
Эх сурвалж: mining.com