Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн ашигт малтмалын экспорт 300 тэрбум ам.долларт хүрч, цаашид унах төлөвтэй


Ч.Сансар

СИДНЕЙ, 7 дугаар сарын 3 (Ройтерс) - Австралийн ашигт малтмал, эрчим хүчний экспорт өнгөрсөн санхүүгийн жилд 9%-иар өсч, 460 тэрбум австрали доллар (300 тэрбум ам.долларт) хүрч, дээд амжилт тогтоожээ. Гэвч эрчим хүчний зарим үнэ ханш Орос-Украины дайны өмнөх түвшин хүртэл буурсан тул экспорт ирэх хоёр жилийн хугацаанд буурах төлөвтэй байна.

Украины дайны улмаас эрчим хүчний үнэ нэмэгдэж, америк долларын ханш өссөн нь эрчим хүчний экспортын дээд амжилт тогтооход нөлөөлсөн. Гэвч банкны зээлийн хүү нэмэгдсэн нь барууны орнуудын эдийн засгийн өсөлтийг удаашруулж, нийлүүлэлт сайжирч, үнэ буурсан байна.

Австралийн түүхий эдийн экспортын орлого энэ санхүүгийн жилд 15%-иар буурч 390 тэрбум австрали доллар болж, дараа жил  344 тэрбум австрали доллар хүртэл буурна гэж Засгийн газрын мэдээнд дурджээ. Энэ санхүүгийн жилд эрчим хүчний нүүрсний экспортын орлого 40%-иар буурч, 38 тэрбум австрали доллар болсон ба шингэрүүлсэн байгалийн хийн экспорт 27%-иар буурч, 68 тэрбум австрали долларт хүрнэ. Хоёр гаруй жил үйлчилсэн худалдааны хориг цуцлагдаж, Хятад руу эрчим хүчний нүүрсний экспортоо сэргээсэн явдал нь дэлхийн хэмжээнд эрчим хүчний эрэлт суларсаныг нөхөхөд тусална гэж тус тайланд бичсэн байна.
Австралийн хамгийн ашигтай экспорт  буюу төмрийн хүдрийн экспорт Хятадын гангийн эрэлт буурсантай холбоотойгоор мөн багасна. Төмрийн хүдрийн экспорт энэ санхүүгийн жилд 11%-иар буурч, 110 тэрбум австрали доллар болж, жилийн дараа 93 тэрбум австрали доллар хүртэл унах төлөвтэй байна гэж тайланд дурджээ.

Лити, кобальт зэрэг эрчим хүчний шилжилтийн металлын экспорт 40 тэрбум австрали доллараас давна. Энэ нь 2022 оны санхүүгийн жилээс хоёр дахин их экспортын үзүүлэлт юм. "Геологийн арвин нөөцтэй, ашигт малтмал олборлох туршлагатай, эрчим хүч, ашигт малтмалын найдвартай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувьд Австрали улс эрчим хүчний шилжилт хийхэд бэлэн байна" гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: Reuters