Ч.Сансар
Хятад улс хагас дамжуулагч болон бусад электрон бараа үйлдвэрлэхэд ашигладаг чухал хоёр металлын экспортыг хязгаарлалаа. Энэхүү шийдвэрийн үр дүнд үйлдвэрлэгчдийн зардал өсөж, тооцооллын технологи хөгжүүлэх өрсөлдөөний улмаас геополитикийн хурцадмал байдал улам нэмэгдэх магадлалтай.
Галли, германий болон тэдгээрийн химийн нэгдлүүдийг 8 дугаар сарын 1-нээс эхлэн экспортын хяналтад хамруулна гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ. Энэхүү арга хэмжээ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж тус мэдэгдэлд дурджээ.
Хятад бол галли, германий зэрэг 20 чухал ашигт малтмалын тэргүүн үйлдвэрлэгч. Мөн цэвэршүүлэх, боловсруулах салбарт тэргүүлдэг. Эдгээр хоёр металлыг нарны зай, лазер, шөнийн харааны шил, компьютерийн чип зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг.
Энэ хоёр металлыг экспортод гаргахыг хүсвэл Худалдааны яамнаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Компаниудаас гадаадын худалдан авагчид болон тэдний гаргасан өргөдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх бүхий байгууллагуудад дамжуулахыг шаарддаг. Хэрэгцээ гарвал Төрийн зөвлөл тэдний хэргийг хянан үзнэ.
Энэхүү алхам нь аж үйлдвэрийн болон цэргийн салбарт чухал ач холбогдолтой технологиудыг хянах өрсөлдөөний үе шат юм. Энэ үйл явдал нь Хятад болон АНУ зэрэг стратегийн өрсөлдөгчдийн хоорондын харилцаа улам хурцдаж буй нотолгоо гэж хэлж болно.
Эх сурвалж: Mining.com