Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Дэлхийн экспорт:  Стратегийн дахин глобальчлал

Д.Оюунчимэг

Дэлхийн экспортыг дэмжих форум -2023   форумыг Засгийн газар, Олон улсын худалдааны төв (ITC) хамтран зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй тус чуулганаар “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” талаар хэлэлцэв. Хөгжлийг хурдасгах худалдаа, экспорт, бизнесийн талаар ярилцах энэхүү хурал экологид ээлтэй, ногоон худалдааг төрөлжүүлэхэд гол анхаарлаа хандуулжээ. 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулганы  хоёр дахь өдрийн уулзалтаар ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, экспортын төрөлжүүлэлт, залуучуудын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.  

Дэлхийн цахим худалдаа өнгөрсөн оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байна. Түүнчлэн НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнууд дундаа хамгийн өндөр өсөлт,  дэлхийд ч дээгүүрт тооцогдож байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ тодотгосон юм.

Цахим, хүртээмжтэй худалдааг хөгжүү­лэхэд улс орнууд худалдааны зураглалаа гаргах, дата баазыг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон. Хиймэл оюун ухаан, интернэт, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсээр байна. “Худалдааны өөрийн өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд хоёр нэгжээр өсгөнө” хэмээн  Дэлхийн худалдааны байгууллагын тайланд дурджээ. Технологийн дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани, аж ахуйн нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай аж.

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий нийт үүнд онцгой анхаарал хандуулж байгаа ч өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсээр байгааг чуулганы төлөөлөгчид онцолж байна. Энэ хэрээр дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаард­лага улс орнуудад тулгарсаар байгаа юм.
Өнөө цагт байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай цэвэр технологи ашигласан, байгалийн нөөц баялгийг хэмнэсэн үйлдвэрлэл үйлчилгээний бүх төрлийг хөгжүүлэхийг дэлхийн улс орнууд чухалчилж буйг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-ын үеэр НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга  Рабаба Фатима онцоллоо.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж байгаа орнуудын хувьд үүнийг сааруулах, дасан зохицуулах,  үүсэн гарах асуудлын дийлэнх хувийг хариуцах ёстой гэсэн хандлага ажиглагдаж байв. Тиймээс дэлхий нийт  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчнээс татгалзах, гамшгийн эрсдлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарах нь чухал гэдгийг оролцогсод хэлэв.

“Стратегийн дахин глобальчлал” гэсэн шинэ нэр томъёо бүхий ухагдахуун гарч ирж байна.  Энэ нь   дэлхийн олон орныг хамарсан уламжлалт худалдаа  тээвэр-ложистикийн жижигрүүлсэн эко систем болох юм. Өөрөөр хэлбэл, ойр орчмын бүс нутгийн орнуудтай худалдааг эрчимтэй хийх гэсэн худалдаанд гарч буй шинэ өөрчлөлт гэдгийг Сенегал улсын “GAINDE 2000” компанийн Гүйцэтгэх захирал Ибрахима Нур Эддин Диагнэ тодотгосон юм. Түүнчлэн тулгарч буй хямралыг амар хялбар замаар даван туулах зарчмын талаар мөн ярилцав. Тухайлбал, Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Тиймээс тээвэр-ложистик болон худалдааны сүлжээгээ эрчимжүүлж чадвал боломж байгааг онцолсон. 

Мөн Монгол Улс дэлхийн зах зээл дээр  ноолууран бүтээгдэхүүнээр тэргүүлдэг орны нэг. Түүнээс гадна хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийн экспорт хийх боломжтой. Өнөөгийн дэлхий дахин  ялангуяа Европын холбооны улсууд болон Японд органик бүтээгдэхүүнийг импортоор худалдан авах сонирхолтой байна. Үүнийг ашиглах орон зай байгаа талаар ярилцаж монголчууд органик бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээн үнэ цэнтэй болгон хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг оролцогч талууд тодотгож байлаа. 

Экспортлох бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх нь Монголын үйлдвэрлэгч, бизнесийнхэнд хамгийн чухал асуудал. Үүнд Олон Улсын Худалдааны төв анхаарч, дэмжин ажиллаж буйгаа илэрхийлсэн. Ногоон худалдан авалтын хүрээнд олон улсад шинэ бодлого хэрэгжиж байна. Тодруул­бал, АНУ болон Европын холбооны орнууд ногоон технологиор үйлдвэрлсэн бүтээгдэхүүнийг худалдан  авахыг эрмэлзэх болжээ.