Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нар, салхины эрчим хүч 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний 33%-ийг бүрдүүлнэ

Ч.Сансар


Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд 12%-иар өсч, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгээс илүүг бүрдүүлнэ гэж эрчим хүчний шилжилтийн судалгааны байгууллага Rocky Mountain Institute (RMI) шинэ тайландаа дурджээ.

Урьдчилсан мэдээгээр 2030 онд нар, салхи одоогийн түвшинтэй харьцуулахад 3-4 дахин их буюу 12.000-14.000 тераватт цаг (ТВт/цаг) эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэ нь уур амьсгалын дээд хэмжээний COP28 уулзалтын өмнө 2030 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлье  гэсэн уриалгаас давж гарна гэж RMI мэдэгдэв. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд   нар, салхины эрчим хүчний зардал буурсаар байна. Нарны эрчим хүчний үнэ ханш 2030 он гэхэд бараг хоёр дахин буурч, нэг мегаватт/цаг (МВт цаг) нь 20 доллар хүрнэ гэж RMI таамаглаж байна.

Өнгөрсөн сард Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) тайландаа Европ дахь эрчим хүчний хямрал, АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хууль, Хятадад ногоон эрчим хүчний байгууламжууд эрчимтэй хөгжиж буй зэрэг нь энэ жил сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулах болно гэж бичжээ.

Дэлхийн хэмжээнд энэ жил сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107 ГВт-аар нэмэгдэж, 440 гигаватт (ГВт) хүрнэ. Энэ нь шинэ сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын хамгийн том өсөлт гэж ОУЭА тайландаа дурджээ. Энэ жил сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын өсөлтийн гуравны хоёрыг нарны эрчим хүчний үйлдвэрлэл эзлэх төлөвтэй. 

Эх сурвалж: oilprice.com