Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Мицубиши компани Marimaca Copper-д 20 сая канад долларын хөрөнгө орууллаа

Ч.Сансар

Мицубиши Корпораци Чилийн Маримака зэсийн төслийг хэрэгжүүлж буй Маримака хувьцаат компанид (TSX: MARI) 20 сая канад долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус  компани Чили дэх зэсийн томоохон төслийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх юм.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ 361 сая ам.доллар бөгөөд энэ мэдээг гарснаас хойш хэдхэн цагийн дараа компанийн хувьцаа 2.2%-иар өссөн байна. Маримака компанийн Гүйцэтгэх захирал Хэйден Локк хэвлэлийнхэнд "Мицубиши компани Маримака зэсийн төслийг өвөрмөц, маш өндөр чанартай, хөгжлийн үе шаттай төсөл гэж үзэж байгаад бид баяртай байна" гэж хэлжээ.

Маримака ордод 2016 оноос хойш хайгуул хийсний үр дүнд нөөц нь тогтмол нэмэгдсээр байна. Тус компани 2023 оны 5 дугаар сарын 18-нд тус ордын ашигт малтмалын нөөцийн хэмжээг шинэчилсэн. ТЭЗҮ-ийн үр дүнд  уурхайг 15-аас доошгүй жил ашиглавал жилд 50 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх боломжтой гэж тогтоогдсон байна.

Уг төсөл уул уурхайн үйл ажиллагаандаа 100% сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм. Түүнчлэн, Маримака нь олборлолтын талбайн эргэн тойронд бусад хайгуулын зөвшөөрлийг мөн эзэмшдэг тул ирээдүйд өрөмдлөг хийвэл нэмэлт нөөц илрэх магадлал өндөр юм.
Маримака төсөл стратегийн хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж, барилгын ажилд шаардлагатай байгаль орчны  үнэлгээний зөвшөөрлийг авахад бэлтгэж байна. Мицубиши хөрөнгө оруулахаас гадна сүүлийн хэдэн  жилийн турш хуримтлуулсан уул уурхайн арвин туршлага, мэдлэгээ төсөлд зориулж, 2030 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мицубишигийн үндсэн металлын хэлтсийн ерөнхий менежер Таро Абэ мэдэгдэлдээ "Бид Маримакагийн багтай хамтран ажиллаж, Чилийн зэсийн салбарт туршлага, мэдлэгээ бүрэн ашиглаж, улмаар төслийн хэрэгжилтийг сайжруулна гэж найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: miningdigital.com