Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Чулуунд  битүүмжлэгдсэн ором нь эрт үеэс бидэнд ирсэн “захидал”

А.Халиун

Чулуу “ярьдаг“

Чулууг судалж танивал түүнийг ойлгох боломжтой. Гаднаас нь харахад зүгээр л нил ягаан өнгөтэй талст байна. Зүсээд үзэхэд хэрхэн ургаж, ямар зам туулсан нь тод харагдана. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс судалгааны явцад танин мэддэг учир “чулуу ч бас ярьдаг” гэж хэлдэг байна. Чулууны зүй тогтлыг судалж “ярьтал” нь ойлгоно гэдэг мэргэжил. Талст бүрэлдэж бий болох явцад тэр үеийн орчныг хадгалсан бичил орчин битүүмжлэгдэн хадгалагдсан байдаг. Үүнийг олж найрлага бүтэц, гарал үүслийг нь тогтоон улмаар өндөр температурт халааж гомогенжүүлэх эсвэл хөлдөөх зэргээр судалж шинжилсний үр дүнд тухайн чулуу үүссэн орчныг мэдэх боломжтой. Үүнийг ормын судалгаа гэх бөгөөд судалгааны нэгэн аргачлал болон эрчимтэй хөгжиж байна. 
Одоогоор лабораторид тухайн талстын үүссэн орчныг бүрдүүлснээр 40 гаруй эрдсийг ургуулж техник технологид өргөн ашиглаж байна. Чулуунд хадгалагдсан ормыг “Эрт үеэс битүүмжлэгдэн бидэнд ирсэн захидал юм” гэж нэрт эрдэмтэн А.Е.Ферсман хэлсэн  байдаг. 

Монгол орон эрдэс баялгаар арвин хэдий ч монголчууд бидний энэ талын мэдлэг, мэдээлэл тун бага. Улсад орлого оруулдаг гол түүхий эд болох нүүрс, алт, зэс, жоншоос хэтрэхгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

ШУТИС-ийн дэргэд Геологи, эрдэс баялгийн музей гэж бий. Манай геологичид хээрийн судалгаагаар олж илрүүлсэн эрдсүүдээ дээжлэн авчирч, түүнийгээ сургалт, судалгаанд ашиглах гэж цуглуулсаар овоо “юмтай” болжээ. 

Монгол орон ямар баян юм бэ, тэр баялгаа өөрсдөө таньж, мэдээд зогсохгүй олон түмэнд дэлгэн үзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ЗХУ-д бэлтгэгдсэн, Монголд геологич мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны багш Жаргалын Лхамсүрэн музей байгуулах санаачилга гаргажээ. Энэхүү саналаа тухайн үеийн Геологи, уул уурхайн яаманд уламжлан дэмжлэг авч, 1967 онд Геологи, эрдэс баялгийн музейн үндэс суурь тавигдсан түүхтэй. Геологи, эрдэс баялгийн музейг үүсгэн байгуулагч Ж.Лхамсүрэн Москвагийн Геологи хайгуулын сургууль төгсөж ирээд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болор олборлож байсан Оросын экспедицэд хоёр жил ажиллажээ. Тэр үед Геологи, уул уурхайн яамнаас геологич мэргэжилтэн бэлтгэх шийдвэр гарч, МУИС-д Геологийн анги нээгдэхэд геологийн анхны монгол багшаар ажиллажээ. Мэдээж орос багш нар ирсэн гэнэ.

Багшлахын зэрэгцээ мэргэжлийн ажлаа хийнэ, оюутнуудаа дагуулан хээрийн судалгаанд гарна. Тэр үеэс сургалт, судалгаанд зориулан эрдэс чулуулгийн анхны дээжүүдийг цуглуулж эхэлжээ. Дээж гэдэг нь төрөл бүрийн чулуу. Уулаар нь авчрахгүй учир хэлтлэн дээжлэн авчирч, судалгааны ажлаа хийдэг. 

Ийн баяжсаар зөвхөн оюутны сургалтад ашиглаад зогсохгүй, Монгол орныхоо эрдэс баялгийн дээжийг олон түмэнд үзүүлэх хэмжээний арвин баялагтай болсон байна. 

Тус музей  Лениний музейн барилгын хоёрдугаар давхарт төвхнөж, орон тооны 11 ажилтантай байсан бол 1990-ээд оны зах зээлийн шуурганд нэрвэгдэж, үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүжилтгүй  болсны улмаас үзмэрүүдээ хайрцганд савлан, 1998 онд байраа суллахаас аргагүйд хүрчээ. Хатуухан хэлэхэд “хөөгджээ”. Эрдэс баялгийн музейг тордох нь байтугай улсаараа мөнгөгүйн гачлантай сандарч байх тэр үед Ж.Лхамсүрэн багш ШУТИС-ийн ректор Д.Бадарчтай уулзаж учир байдлаа ярьсан байна. Ингээд музейг 1998 онд ШУТИС-д дахин шинэчлэн байгуулж, тэр үед  геологич Ё.Мажигсүрэн музейн Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн гэдэг. Тэрбээр 1987 онд Политехникийн дээд сургуулийн /одоогийн ШУТИС/ Геологийн анги төгсөж, геологич мэргэжилтэй болсон байна. 2022 оноос тус музейн эрхлэгчийн алба хашиж байна. 
ШУТИС-ийн Номын сангийн төв байр 2009 онд ашиглалтад ороход Геологи, эрдэс баялгийн музейд зориулан талбай гаргаж нэгдүгээр давхрын цэлгэр танхимд төвхнөсөн нь музейн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж одоогийн дүр төрхийг олжээ. 
Манай геологичид, багш нар, оюутнууд олон нийт Монгол орны өнцөг булан бүрээс нээж илрүүлсэн хүдэр, эрдэс чулуулгийн дээжүүдийг авчирсаар музейн сан хөмрөг арвижиж, одоо тус музейд 2000 гаруй чулуулгын дээжийн  үзмэр дэлгэн тавигдсан байна. 

Энд ШУТИС-ийн Геологи, Ашигт малтмал, Уул уурхай, Баяжуулалт, Материал судлал болон Барилгын мэргэжлийн оюутнууд, МУИС-ийн Геологи, Газар зүйн мэргэжлийн оюутнууд болон бусад байгаль шинжлэлийн мэргэжлийн оюутнууд мэргэжлийн чиглэлийн хичээлийн дагуу танхимын хичээлийн дадлага тогтмол хийсээр иржээ. 

Музей нь Монгол орныхоо эрдэс баялгийн талаар танин мэдэх, аль аймгийн нутгаас ямар ашигт малтмал илрүүлж, олборлосон зэрэг уул уурхайн салбарын түүх, геологич мэргэжлийн онцлог болон өвөг дээдсээс бидэнд үлдээсэн байгалийн баялаг, эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх олон талын ач холбогдолтой  ажээ.


Хойч үедээ сурталчлах, судлах эх сурвалж нь музей  

“Хамгийн үнэтэй чулуу гэвэл юу байх вэ?” гэж Музейн эрхлэгч Ё.Мажигсүрэнгээс сонирхоход “Үнэтэй, үнэгүй эсэх  нь харьцангуй ойлголт. Чулууны тогтоцыг ажиглахад  хувцас загвар шиг цаг үеэ даган сонголтод  орж өөрчлөгдөж байдаг гэхэд болно. Нэг үе монголчууд хөөргөөр гангарлаа шүү дээ. Тэр үед чулууны үнэ нэлээд өссөн. Жишээ нь, геологич Т.Намсрай, Ж.Лхагвацэрэн  нарын Хөвсгөл аймгийн Шишгэд голоос авчирсан нефрит буюу ногоон хаш байна. Чулууны урлаачид болон энэхүү хаш чулуунд дуртай хүнд бол энэ нь үнэ цэнэтэй байдаг бол сонирхдоггүй, ойлголтгүй  хүнд бол ердийн хад чулуунаас өөрцгүй. Хэрэв энэ чулууны утга учрыг таньж мэдэж чадвал  маш үнэтэй зүйл. Юу ч мэдэхгүй бол зүгээр газарт хэвтэх, хөлийн улд хөглөрөх чулуу. Тэгэхээр хэн, хэрхэн үнэлэхээс л хамаарах юм” хэмээв. 

ШУТИС-ийн дэргэд Монголдоо ганц эрдэс баялгийн музей байдгийг мэдэхээсээ мэдэхгүй хүн олон болов уу. Олж мэдэж, зорьж ирсэн нь “Монгол орон ямар их баялагтай вэ” гэж бахархаж, олзуурхдаг. Тэр утгаараа эх оронч үзлийг төлөвшүүлэхэд энэ музей онцгой ач холбогдолтой. Монгол Улс нэгэн цагт мал аж ахуйн орон байсан бол одоо уул уурхайн орон болов. Байгаагийнх нь хэрээр олборлож бас болохгүй. Энэ бол шавхагддаг баялаг гэдгийг санаж ашигт малтмал олборлолтын менежментийг зохистой хийх учиртайг Ё.Мажигсүрэн эрхлэгч яриан дундаа дурдаад авна лээ. 

Тэрбээр, “Анх Эрдэнэтийн овоог нээх үед хүдрээс том том оюу гарч байсан, одоо бол ийм томоороо гарахгүй” гээд нэгэн үзмэр сонирхуулав. Эрдэнэтийн зэсийн хүдэр дотроос гарсан томоохон оюуг музейд дээж болгон 1977 онд хадгалжээ. 

Усан болорыг Ховд аймгийн Цагаан толгойн болорын ордоос оросууд олборлосон байна. “Геологийн толгой” хэмээн нутгийнхны нэрлэсэн энэ ордыг хэдийнэ  олборлож дууссан. Баялаг ингээд л шавхагдана. Тэгэхээр хойч үеийнхэндээ үзүүлэх, сурталчлах, судлах эх сурвалж нь музей болж үлдэх юм, эцэстээ. 

Дээхнэ үед Өнгөт чулууны анги ажилладаг, чулуугаар гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл хийдэг байв. Зарим бүтээлээс дурдвал, Гэрлэх ёслолын ордны Ёслолын танхимын нэг ханыг Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан өнгө өнгийн гоёмсог чулуу ашиглан зүймэл урлалын томоохон бүтээл хийж үлдээжээ. Тус ангийнхан мөн зүймэл чулуун тавцантай монгол хээн чимэглэл бүхий ширээг музейд дурсгал болгон хадгалуулжээ. Энэ ширээний тавцанд чүнчигноров, мана гартаам, офикальцит, лиственит, родонит зэрэг тухайн үед мэдэгдсэн өнгөт чулуунууд орсон байдаг. 

Эрдэс нь байгалийн тодорхой нэг шалгарлын явцад бүрэлдэн бий болсон химийн элементүүдийн нэгдэл. Бидний сайн мэдэх усан болор, утаат болор, аметист, цитрин нь зургаан талтай, шовгор үзүүртэй харандаа шиг хэлбэртэй  талст үүсгэнэ.  Ардын багш Ж.Лхамсүрэн Горхийн Боржингийн магнаг судлаас 7.5 тонн жинтэй аварга том болорын талстыг 1961 онд олсон нь тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Тэрхүү болорыг наадмын талбайд авчирсан ч удалгүй алга болсон нь тун харамсалтай. Ж.Лхамсүрэн багшийн өнөөх үлэмж том олдворынхоо дэргэд зогссон гэрэл зураг л баримт нотолгоо болон үлджээ. 

Музейд гялтгануур, алт, мөнгө, зэс, төмөр, цайр, хартугалга, молебдин гэх мэт төрөл бүрийн метал ашигт малтмалуудын дээжийг эгнүүлэн өрсөн байна. Өнгө үзэмж тогтоцоо гайхуулан гялтганах олон төрлийн чулууны дээж музейд бий. Чулуу бүхэн өөр өөрийн өнгө, хэлбэр өвөрмөц тогтоцтой. Тэр бүхнийг танилцуулна гэвэл урт яриа өрнөх тул сонирхсон хүнд музейн үүд хаалга нээлттэй. 
Монгол орноос илэрч олдсон эрдэс, чулуулгаас гадна номин, родонит, хризопраз, зарим бэлэг дурсгалын зүйлсийг Оросын геологичид бэлэглэжээ. Чароитыг дэлхийд ганцхан газар буюу Якутын Чара голоос олдсон тул чароит гэж нэрлэдэг бөгөөд музейд чароит ваар, сав хадгалагдаж байна. 

Д.Аюушийн булан

Ховд аймгийн геологич Д.Аюушийн булан сонирхолтой. Энэ хүн мэргэжлээрээ 40 гаруй жил ажилласан бөгөөд мэргэжлийн ажлынхаа хажуугаар гипс, тальк, серпентин зэрэг зөөлөн чулуугаар сийлбэр хийж иржээ. Тэрээр “Чулууны өнгө, байгалийн тогтоц, хэлбэр, шинж чанарыг ажиглан түүнд тохируулан урладаг бөгөөд бүтээлээ дэлхийн болон Монголын Улаан номд орсон амьтад, эцэг мал, үлэг гүрвэлүүд гэх мэтээр төрөлжүүлж хийсээр музейд нэрэмжит булан байгуулах хэмжээний бүтээл цугларчээ. Шилэн хоргонд харагдах хулангийн ур хийц тун сайн, энэ сийлбэрийг талькаар сийлсэн гэнэ. Ногоон болон цайвар өнгө хосолсон тогтоцтой серпентинээр шар шувууг урлажээ. 

“Музейг үзсэн хүмүүс байгалийн нууц,  арвин баялгийг гайхуулан орших мана, гартаамыг харж нүд хужирлана.  Энэхүү эрдсийн орд  Дорноговь аймгийн Далантүрүүгийн талд бий. Далантүрүүгийн талд хөглөрөх чулуунуудаас дээжлэн авчирч, зүсэж өнгөлсөн баялаг үзмэрүүд энд элбэг байна. 

Мана, гартаам нь адилхан цахиурын ислийн далд талстлаг төрөл бөгөөд янз бүрийн цулгуй өнгөтэйг мана, судалтайг нь  гартаам гэдэг. Гартаамын судлууд хэрхэн хоршсон нь сонирхол татаж байв.

Музейд чулуужсан модны дээжүүд нэлээд тавигдсан байна. Мөн чулуужсан мод нь  манажсан, цахиуржсан, опалжсан  байдаг. 

Чулуужсан мод бол эрт галавын ургамлын үлдэгдэл агаад 30 сая жил бол саяхандаа орно. Голдуу 70 орчин сая жил, цаашилбал 250 сая жилийн настай чулуужсан мод байдаг гэнэ. 

Чулуужсан модны босоо судлыг ашиглан ноос нь унжсан сарлагийн сийлбэрийн бүтээл байх нь сонирхол татав. 

Музейд байх нэг сонин чулуу бол Ховд аймгийн Алтайн нуруу, Бодончийн хавцлаас авчирсан гялтгануур. Энэ чулуу нь дэвтрийн хуудаснаас ч нимгэн цуурдаг бөгөөд цахилгаан дулаан дамжуулдаггүй учир цахилгаан техникт тусгаарлагч болгон ашигладаг байна. Чулууныхаа найрлагаас шалтгаалан гялтгануур нь цагаан–мусковит, хар-биотит, ягаан–лепидолит гэх мэт өнгөтэй байх аж. Жишээ нь лепидолит нь лити агуулсан учир ягаан өнгөтэй болсон байх ба лити нь орчин үед батерейн үйлдвэрлэлд  чухал түүхий эд болдог. Музейд Хөх дэл улаан, Мөнхтийн цагаан дөрөлж зэрэг газруудын лепидолит тавигджээ. 

“Девон галавын үеийн далайн уснаас тунаж хуримтлагдан дахин талстжиж тогтсон давс” гэх тайлбар бүхий Увс аймгийн Шүдэн уулаас дээжлэн авчирсан тогоон чинээ том жамц давс байна. Жамц давс нь хоолонд хэрэглэхээс гадна анагаах увидастай. Манай улс Япон руу экспортолж байна.

Онгон дагшин Монгол орны өргөн уудам газар нутгийн хаана нь ямар эрдэнэс, ховор нандин эрдэс баялаг байгааг танин мэдэх гэж хайгуулчид алх тэргүүтэй багаж хэрэгслээ агсан байгалийн нууцад нэвтрэхээр өдөр бүр гарч байна.