Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад 2023 оны эхний хагаст Оросын түүхий нефтийг хамгийн их хэмжээгээр худалдан авчээ

Ч.Сансар

Эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Хятад улс Оросын түүхий нефтийг маш их хэмжээгээр худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна.

2023 оны эхний хагаст хятадууд өдөрт дунджаар 2.13 сая баррель түүхий нефтийг ОХУ-аас импортолж, улмаар Орос Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон гэж Financial Times (FT) Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

Өмнө нь Саудын Араб Хятадын хамгийн том нийлүүлэгч байсан бөгөөд FT-ийн тооцоолсноор Саудын Араб энэ жилийн 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд өдөрт дунджаар 1.88 сая баррель нефть Хятадад борлуулж байсан байна.

Энэ оны 6 дугаар сард Хятад улсад импортлогдсон Оросын нефть 5 сард тогтоосон дээд амжилтаа дахин эвдлээ. Хятадын гаалийн мэдээлснээр, өнгөрсөн сард Оросоос Хятад руу өдөрт дунджаар 2.56 сая баррель нефть орж ирсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 44%-иар өссөн байна. 5 дугаар сард өдөрт 2.29 сая баррель нефть Оросоос импортолж байсан.

Саудын Арабаас импортолсон нефтийн хэмжээ өнгөрсөн оны 5, 6 дугаар сартай харьцуулахад өсч, 2023 оны 6 дугаар сард 1.93 сая баррельд хүрсэн. Гэсэн хэдий ч энэ хэмжээ ОХУ-аас импортолсон түүхий нефтийн хэмжээнээс хамаагүй бага байсан.

Хятадын нийт нефтийн импорт ч мөн нэмэгдэж, өнгөрсөн 6 дугаар сард 45.3%-иар өслөө. Дотоодын эрэлт бага байгаа ч Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд нөөцөө нэмэгдүүлсээр л байна. 6 дугаар сард нефтийн импорт өдөрт 12.67 сая баррель болсон нь Ковид-19 цар тахалтай байсан жилүүдтэй харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Oilprice.com