Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд компани   хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

Ч.Сансар

Степ Голд ХХК (TSX: STGO) нь Монгол дахь хамгийн том төсөл болох “Алтан цагаан овоо”  алтны уурхайн II шатны бүтээн байгуулалтад зарцуулах 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулахаа зарлалаа. Уг төслийн хүрээнд 2025 оноос хойш 12 жилийн турш 100,000 унц алт нэг жилд олборлох боломжтой болно. Тус компани “Алтан цагаан овоо” уурхайг  бүрэн хүчин чадлаар ашиглаж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Рио Тинто компани (NYSE: RIO; LSE: RIO; ASX: RIO) Turquoise Hill Resources-ийг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авсаны дараа Степ Голд ХХК нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр (TSX) бүртгэлтэй Монголын цорын ганц үнэт металл үйлдвэрлэгч боллоо. Оюутолгойн 66%-ийг Рио Тинто эзэмшиж, үлдсэн 34%-ийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

Гадаадын хөрөнгө оруулагчид энэ бүс нутгийг сонирхож байгаа хэвээр байна.  7  дугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан Монголын эдийн засгийн форумд олон улсын 45 гаруй хөрөнгө оруулалтын банк, 500 гаруй хөрөнгө оруулагч, нийт 2000 гаруй төлөөлөгч оролцлоо.

Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон форум дээр Рио Тинто компани Монголд  үйл ажиллагаагаа идэвхжүүлснээ хэлээд Монголын ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв. Тус компани 2010 оноос хойш Оюутолгойд 15.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг төсөл 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна.

Монгол Улс байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орон. Монголд бүртгэлтэй 1170 ордод 80 гаруй төрлийн ашигт малтмалын орд бий. Олон улсын валютын сангаас Монгол Улсыг байгалийн баялаг ихтэй хөгжиж буй 29 орноос хамгийн их хөгжих боломжтой улс гэж тодорхойлсон. Гэтэл Монголын нийт нутаг дэвсгэрийн ердөө 2.6% нь хайгуулын, 1.2% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг сайжруулахад анхаарч байна.  Монгол уул уурхайн бүтээгдэхүүний экспортынхоо 90 гаруй хувийг БНХАУ-д нийлүүлдэг.

Монголын уул уурхайн салбарын хөгжилд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоогийн ГШХО-ын 75% нь энэ салбарт зарцуулагдаж байна.

Энэ оны 7 дугаар сард Степ Голд компани Монголын шилдэг санхүүгийн байгууллагуудтай 150 сая ам.долларын өрийн санхүүжилтийн гэрээ байгуулж, дараагийн зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Үндсэн төлбөрийг II шатны өргөтгөл дууссаны дараа төлж эхэлнэ.

“Сүүлийн таван жил сорилт, амжилтаар дүүрэн он жилүүд байлаа. I үе шатны үйлдвэрлэл эхэлсэн, II үе шатны өргөтгөлийн санхүүжилт баталгаажсан тул одоо бид цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд бэлэн боллоо" гэж Степ Голд компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Төмөр-Очирын Батаа хэллээ.

Өнгөрсөн 6 дугаар сард Степ Голд компани Канадын Anacortes Mining Corp болон түүний Перу дахь Tres Cruces алтны уурхайг худалдан авах ажлыг гүйцэтгэсэн байна. Тус уурхай нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр агуулгатай ислийн ордуудын тоонд ордог. Уг уурхайг худалдан авснаар компанийн нөөц 2.5 сая унц алтаар нэмэгдэж, дэлхийд компанийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдэнэ гэж Т.Батаа  захирал хэллээ.

Степ Голд ойрын хугацаанд Өмнөд Америк руу тэлэх бодолгүй байгаа, харин Монголд хөрөнгө оруулалтаа үргэлжүүлэн хийнэ.
“Манай компани үргэлж Монголд гол анхаарлаа төвлөрүүлж ирсэн бөгөөд бид олон боломжуудыг судалж байгаа.” гэж Т.Батаа нэмж хэллээ. Тус компани нь 350 гаруй ажилтантай, 99.9% нь монгол ажилчид байна. 

Степ Голд ХХК Ази тивийн уул уурхайн салбарт төвлөрч ажиллахын тулд энгийн хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр төлөвлөж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 40 орчим хувь нь Азийн цагийн бүсэд байрладаг.
Степ Голд ХХК нь олон улсын шилдэг менежментийн баг, үндэсний чадварлаг ажилчидтай бөгөөд Т.Батаа компанийн ирээдүйд итгэж байгаагаа илэрхийллээ.  

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (3)

  • Erdenebileg Ganbold #SHIGI LLC (103.212.119.48)
    Сайн менежменттэй, чанарыг эрхэмлдэг байгууллага.
    2023 оны 08 сарын 02 | Хариулах
  • Ганцэцэг (202.21.99.6)
    Мэргэжилийн хүн сум орон нутгаас яагаад авдаггүй юм бэ
    2023 оны 08 сарын 02 | Хариулах
    • zochin
      Хүний нөөцрүү мэдээллээ явуулаарай. нээлттэй шүү
      2023 оны 08 сарын 02