БНХАУ-ын ӨМӨЗО-д хийж буй Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдөд ӨМӨЗО-ы удирдах албан тушаалтнууд “Хоёр улс, Хоёр парк” хөгжлийн загварыг танилцууллаа
БНХАУ-ын дарга Ши Жин Пиний санаачилсан “Хоёр улс, Хоёр парк” хөгжлийн загвар нь тусгаар тогтносон хоёр улс хамтран аж үйлдвэрийн парк байгуулах замаар гадаад худалдаагаа өргөжүүлэх, тус тусын давуу тал, нөөцүүдээ нэгтгэн аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлж хамтран ажиллах зорилготой юм.
Одоогоор БНХАУ нь Индонез, Малайз, Сингапур, Филиппин зэрэг улстай "Хоёр улс, Хоёр парк" загвараар үйлдвэрлэл, ашигт малтмал боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт хамтарч ажиллаж байгаа аж. Ялангуяа Индонезийн хувилбар нь манай улсад хэрэгжүүлж болохуйц сайн жишээ байгааг айлчлалд оролцсон төлөөллүүд онцолж байлаа.
ӨМӨЗО-ы компаниуд, тэр дундаа Ордос аймаг нүүрс олборлолт, гүн боловсруулалтын чиглэлээр улсдаа тэргүүлж байгаа төдийгүй энэ аймагт 17 аж үйлдвэр, технологийн парк амжилттай ажиллаж байна. Нүүрс гүн боловсруулах аж үйлдвэрийн паркт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын байгальд ээлтэй технологи ашигладаг нүүрсний химийн үйлдвэр болон бүрэн автоматжуулсан ил, далд уурхайн бүтээн байгуулалттай мөн танилцлаа.
Эдгээр компаниуд нь “Хоёр улс, Хоёр парк” төслийн хүрээнд үндсэн хөрөнгө оруулагчаар оролцож, уг хөгжлийн загварыг БНХАУ талаас манлайлж оролцохоор ӨМӨЗО-ы Засгийн газраас дэмжигдсэн ААН-үүд бөгөөд Монголын талаас “Эрдэнэс Монгол” нэгдэл төслийн ерөнхий хэрэгжүүлэгчээр хамтарч ажиллах боломжтой талаар ярилцлаа
Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК