Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын Zijin компани Серби дэх зэсийн  уурхайд хөрөнгө оруулна

Ч.Сансар

Хятадын Zijin Mining Group Сербийн зүүн хэсэгт оршдог зэс, алтны Cukaru Peki уурхайг өргөтгөхөөр төлөвлөж байна.

Дэлхий нийтээр  ногоон эдийн засаг руу шилжихэд зэсийн жилийн хэрэгцээ 2031 онд   36.6 сая тоннд хүрнэ гэж McKinsey зөвлөх компани  тооцоолжээ. Зэсийн нийлүүлэлт мөн 2031 онд ойролцоогоор 30.1 сая тоннд хүрч (одоогийн нийлүүлэлт 22 сая тонн), 6.5 сая тонноор  хомсдол үүснэ гэж таамаглаж байна.

 

Хоёр жилийн өмнө Cukaru Peki ордыг нээсэн Zijin компани нэмж 2 км өрөмдлөг хийх боломжийг судалж байна.

Сербийн удирдах албан тушаалтан Бранко Ракочевич Bloomberg News-т "Дэд бүтцийн нэмэлт үйл ажиллагааны зардалд  3.5-3.8 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт шаардлагатай" гэж мэдэгджээ.

Хятадын хамгийн том алт, зэсийн олборлогч  Zijin компани нь Cukaru Peki ордод ойролцоогоор 678 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.

Тус орд нь дээд, доод хэсгээс бүрддэг. Дээд хэсгээс өнгөрсөн онд 111 мянган тонн зэс, 152 мянган унц алт олборлосон бөгөөд цаашид жилд 91400 тонн зэс, 2.5 тонн алт олборлох төлөвтэй байна.

Уурхайн дээд болон доод хэсгүүд бүрэн ашиглалтад орсноор Серби Европын хоёр дахь том зэс олборлогч улс болно гэсэн хүлээлт байна.

Сербийн Засгийн газар олон мянган ажлын байрыг хадгалах зорилгоор 2018 онд зэс, алтны уурхайг дуудлага худалдаанд оруулсан.  Тус компани нь Cukaru Peki ордыг дангаараа эзэмшдэг бөгөөд Сербид хоёр үйлдвэр ажиллуулдаг. Нэг үйлдвэр нь катодын зэс, алт, мөнгө, хүхрийн хүчил үйлдвэрлэдэг. Нөгөө нь зэсийн баяжмалыг Хятад, Канад, Болгар, Испани, Солонгос руу экспортолдог аж.

Хятад улс ”Бүс ба зам санаачилгын хүрээнд гадаад худалдаагаа хөгжүүлэх зорилгоор Сербид олон тэрбум евро зарцуулсан.  Сербийн уул уурхайн салбар ирэх 10 жилийн дотор нийт ДНБ-ийн 4-5%-ийг үйлдвэрлэж эхэлнэ гэж тус улсын Засгийн газар  таамаглаж байна. Одоогийн байдлаар уул уурхайн салбар нийт ДНБ-ий 2%-ийг бүрдүүлдэг аж.

 

Эх сурвалж: mining.com