The Mongolian Mining Journal /July 2023/
Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc.) Д.Ган-Очиртой сэтгүүлч А.Халиун ярилцлаа.
Өнгөрсөн сард Хятадын коксжих нүүрсний импортын бараг 50%-ийг Монголоос нийлүүлжээ
2023 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9%-д хүрлээ. Энэ өсөлт хэр удаан хадгалагдах боломжтой вэ?
2023 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 7.9%, сүүлд авсан мэдээллээр өсөлт саарч, тавдугаар сарын байдлаар 5.9%-д хүрсэн. Дэлхийн эдийн засагт эрсдэл тулгарч, огцом уналт, банк санхүүгийн хямрал үүсэх зэрэг урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй гэдгийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд мэдээлж байна.
Дэлхий нийтээр инфляц өндөр байна. Сүүлийн саруудад инфляц тодорхой хэмжээгээр буурч байгаа ч зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Тиймээс ихэнх улс инфляцыг бууруулах зорилгоор мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, Төв банкуудын бодлогын хүү өндөр байна. Хүү өндөр байгаа нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, дэлхий нийтээр эдийн засгийн өсөлт саарна гэсэн төсөөлөл бий.
Манай улсын хувьд экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дэх үнэ, эрэлтээс Монголын эдийн засгийн цаашдын төлөв шууд хамаардаг. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлийн ханшаар тодорхойлогддог. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 90 гаруй хувийг Хятад руу гаргаж байна. Тэгэхээр Хятадын эдийн засгийн өсөлт болон экспортын бүтээгдэхүүний биет хэмжээ хэр байх зэрэг нь шууд нөлөөтэй.
Уул уурхайн салбарын экспорт тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт шууд нөлөө үзүүлдэг. Манай уул уурхайн бус салбарууд (хөдөө аж ахуй, боловсруулах, барилга)-ын өсөлт мөн саарч байна. Эдгээрээс харахад манай эдийн засгийн өсөлт одоогийн 5.9%-ийн түвшнээс давж өсөх магадлал тун бага байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний таван сард 23 сая тоннд хүрлээ. Сүүлийн хагаст энэ түвшнээ хадгалах боломж хэр байна вэ?
Хоёрдугаар хагаст энэ хэмжээнд гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Хятад улс нүүрсний нөөцөө байнга бүрдүүлж ирлээ. Нөөцийн хэмжээ Ковидын дараах үе буюу хил нээсэн эхэн үеүдэд бага түвшинд хүрсэн бол одоо агуулахууддаа нөөц бүрдүүлэлтийг нэлээд сайн хийсэн гэсэн мэдээлэл байна. Нэгэнт нөөц бүрдсэн бол өмнөх шиг үлэмж хэмжээгээр авахгүй байх, үүнийг дагаад худалдан авалт буурах эрсдэл бий. Тухайлбал, Хятадын нүүрсний импортын хэмжээ 5-6 дугаар саруудад дараалан буураад байна. Хятадын дотоодын нүүрсний олборлолт илт нэмэгдсэн. Түүнчлэн Австрали, ОХУ зэрэг орнуудаас Хятад руу гаргаж буй нүүрсний экспортын биет хэмжээ ч нэмэгдэж байгаа мэдээлэл байна.
Долоодугаар сарын 1-нээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуульд заасны дагуу, ялангуяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шинээр зарах нүүрснийхээ тодорхой хэсэг (30-аас багагүй хувийг)-ийг биржээр арилжаална гэж ойлгож байгаа. Түүнчлэн зургаан сарын өмнөх үетэй харьцуулахад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бараг хоёр дахин унаж, тонн нь дунджаар 110-120 ам.доллар орчимд хүрсэн. Иймд манай талаас бирж дээр зарахдаа өндөр үнэ санал болговол худалдан авагч талаас биржийн арилжаанд идэвхтэй оролцохгүй байх эрсдэл бас бий.
Нүүрсний экспортын биет хэмжээний өсөлт анх тооцоолж байсан үзүүлэлтдээ хүрэхгүй тохиолдолд эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэлд тодорхой хэмжээгээр шууд нөлөө үзүүлнэ.
Энэ мэт хүчин зүйлийн нөлөөгөөр оны сүүлийн хагасдаа нүүрсний экспортын хэмжээ эхний хагасаас хол давахгүй болов уу. Мэдээж нүүрсний тээвэр, боомт, хил холболтын төмөр замын ажлууд дээр ахиц гарч байгаа ч дээрх асуудлуудтай холбоотойгоор ойрын хугацаанд дорвитой том өөрчлөлт орж ирэхгүй гэж харж байна. Нүүрсний экспортын биет хэмжээний өсөлт анх тооцоолж байсан үзүүлэлтдээ хүрэхгүй тохиолдолд эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэлд тодорхой хэмжээгээр шууд нөлөө үзүүлнэ.
Хятад улсын нүүрсний хэрэглээний хэдэн хувийг манай улс хангаж байна вэ?
Манай улс Хятадын коксжих нүүрсний импортод тэргүүлэгч улсуудын нэг байсаар ирсэн. Манай улс 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Энэ оны тавдугаар сарын Хятадын коксжих нүүрсний импортын бараг 50%-ийг Монголын нийлүүлэлт хангасан мэдээ байна. Энэ эрчээ хадгалах тохиолдолд манай улс энэ жил 40-50 сая тонн нүүрс экспортолж, Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа сүүлийн гурван жил дараалан хадгалах юм. Манайхаас төмөр замаар гаргаж буй нүүрсний хэмжээ ч өмнөх оны тавдугаар сартай харьцуулахад энэ онд 33 орчим хувиар өссөн.
Гэхдээ энэ оны хувьд Австрали, Хятадын харилцаа эргэн сэргэснээр Австралиас Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ эрс өсөж байна. Жилийн дүнгээр Хятад улс Австралиас 9 сая хүртэлх тонн нүүрс импортлох мэдээтэй байна.
Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй бол манай эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ?
Эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас бага гарна. 2023 оны төсвийн тодотгол хийх үедээ орлогыг нэлээд өөдрөгөөр төсөөлсөн бол тэр хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүснэ. 2023 оны төсвийг 1.9 их наядаар тодотгосноор төсвийн алдагдал анх батлагдсан ДНБ-ий 2.6%-иас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Иймд төсвийн орлого талд эрсдэл үүсвэл алдагдал тухайн дүнгээр өсөхөд хүрнэ.
Энэ оны эхний таван сарын байдлаар төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын нийт нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин нүүрсний экспортын биет хэмжээ анх тооцож байснаас бага гарахад хүрвэл экспортын орлогоор дамжин төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлнэ.
Ерөнхий сайд Хятад улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар олон жил гацсан экспортын гол төмөр замуудыг холбох тал дээр санал нэгдэж, төрийн өндөр, дээд түвшиндээ нэгдсэн ойлголцолд хүрсэн байна. Айлчлалын гэрээ хэлэлцээрүүд биеллээ олбол ямар үр дүн авчрах вэ?
Нүүрс тээвэртэй холбоотой эерэг нөлөөллүүд урт хугацаанд ажиглагдах хүлээлттэй байна. Харин төмөр замуудын холболтын цэгийг тохирох, төмөр замыг холбоно гэдэг нь дунд хугацаандаа илүү том үр дүн авчрах болов уу. Нөгөө талаар хоёр улсын харилцаа сайн байснаар нүүрсний экспортын биет хэмжээ буурахгүй байхад л эерэг нөлөөтэй.
Энэхүү айлчлал, дагалдах арга хэмжээний үр дүнд нүүрсний экспорт жилийн 45-50 сая тоннд хүрвэл эдийн засгийн өсөлт 5-6%-тай гарах, гадаад валютын нөөц өнөөгийн түвшиндээ хадгалагдах, дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх боломж нөхцөл бүрдэнэ.
Төсвийн тодотгол мөнгөний бодлогод ямар нөлөө үзүүлэх бол. Танд эдийн засагч хүний хувьд болгоомжлол харагдаж байна уу?
Төсвийн тодотгол хэрэглээний зардлаар дамжаад импортын хэмжээ хэр байх, цаашлаад инфляцад хэр хүчтэй нөлөө үзүүлэхээс их зүйл хамаарна. Төсвийн тодотгол хийгдэхээс өмнө Монголбанк 2023 оны эцэст инфляц 8-9%-тай гарна гэж төсөөлж байсан. Төсвийн тодотголоос хамаарч энэ төсөөлөл багадаа хоёр нэгж хувиар нэмэгдэх, төлбөрийн тэнцэл 300 орчим сая ам.доллараар багасах тооцоолол байна. Харин энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэхээр харагдаж байна. Инфляц, төлбөрийн тэнцэлд орж ирэх нөлөө ирэх жил ч дамнан үргэлжилж болзошгүй. Иймд мөнгөний бодлогыг одоогийн түвшнээс сулруулах боломжгүй байна.
Магадгүй инфляц, төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө энд тооцож байгаагаас бага байх, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт талд эерэг өөрчлөлтүүд бий болох тохиолдолд мөнгөний бодлогын хүүг сулруулах орон зай үүснэ.
Хөрөнгө оруулалтын шаардлагатай зохицуулалтыг хамтарч хийх нь Төрийн бодлого
Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Таны бодлоор гол өөрчлөлт юу байх бол?
Миний хувьд төсөлтэй танилцаж, санал өгсөн зүйл байхгүй. Гэхдээ энэ төсөл дээр өөрийн өмнөх алдаанаасаа суралцаад, бусдын сайн туршлагаас суралцаад хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж байвал тун сайн. Хөрөнгө оруулалтын хуульд эрх зүйн орчин гэдэг нэг л хүчин зүйл нь. Нөгөө талд нь, бизнесийн ерөнхий орчин гэж чухал зүйл бий.
Төрийн байгууллагуудын хүнд суртал, давхардуулсан хяналт шалгалт, үүний цаана хугацаа, зардал чирэгдэл их гаргадаг байдал, авлига хээл хахууль, гэрээний биелэлтийг хангах, төлбөрийн чадвартай эсэхийг шийдвэрлэх, дэд бүтцийн асуудал гэх мэт бизнесийн орчинд саад болдог олон асуудал бий.
Дээр нь зөвхөн хөрөнгө оруулалт татаж том төсөл хэрэгжүүлэх эсвэл хямд хүүтэй зээл олгосноор Монголын эдийн засаг, нийгмийн асуудал шийдвэрлэгдэхгүй. Хөрөнгө оруулалтын бодлого байгаа бол нэг талд нь гадаад худалдааны бодлого, дотоодын татвар, санхүүжилтийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлого, технологийн бодлого, хүний нөөцийн бодлого гэх мэтээр олон талаас нь харж, цогцоор нь уялдаатай шийдвэрлэх “нэгдсэн аж үйлдвэрийн бодлого” хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг.
Жишээ нь, санхүүжилт талдаа шийдээд явж байтал тээвэр, ложистик эсвэл хил, боомт дээр гацаа саад үүсэх, хилийн цаадах барьертай нүүр тулах зэрэг асуудал тулгарч байна. Манай улсын хувьд томоохон төсөл хэрэгжүүлэхэд мэргэжлийн шаардлага хангасан ажиллах хүчний дутагдалтайг хувийн секторынхон ярьж эхэлсэн.
Энэ бүх бодлого цогцоор хэрэгжиж, төр засгийн бодлого, дэмжлэг юунд чиглэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тодорхой болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэх бололцоо бүрдэнэ. Байгалийн эсвэл хөдөө аж ахуйн баялаг анхны түүхий эдээс валютын орлого болон орж ирэх хүртэл нийлүүлэлтийн гинжин сүлжээний бүх түвшинд асуудлыг нэгдсэн байдлаар харж, шийдвэрлэх шаардлагатай.
Нэг зүйлийн төлөө зорьж, асуудлыг цогцоор нь харж, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэх, түүнд нь шаардлагатай зохицуулалтыг хамтарч хийнэ гэдэг нь төрийн бодлогын зохицуулалт юм.
Манай улсад эдгээр бодлогууд тус тусдаа салангид явсаар ирлээ. Тиймээс төрийн институц хоорондын, салбар дундын бодлогын уялдааг хангах асуудал чухал байна. Нэг зүйлийн төлөө зорьж, асуудлыг цогцоор нь харж, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэх, түүнд нь шаардлагатай зохицуулалтыг хамтарч хийнэ гэдэг нь төрийн бодлогын зохицуулалт юм.
Мөн хувийн секторт тулгарч буй асуудлыг салбар бүрт нь сонсдог, асуудлыг нэгтгэн цогцоор нь ярьдаг, ямар бодлого хэрэгжүүлэх вэ, түүнийг нь хуульчлан хэрэгжүүлэх үү гэдгийг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл дээрээ ярьдаг, улс төрийн манлайллын дэмжлэгийг Ерөнхий сайдаасаа авдаг “доороосоо дээш” чиглэлтэй, хувийн хэвшлээ сонсож “хөрсөн дээрээ буусан” шийдвэр гаргах нь чухал. Үүнд шаардлагатай платформ, процессийн байнгын ажиллагаа бүрдүүлмээр байна.
Ингэж цогцоор нь шийдэхгүй бол ганцхан хууль батлаад хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хүлээгээд манай эдийн засаг төрөлжих тухай хүлээгээд сууж болохгүй.
Оюу Толгой төсөл анх 2009 онд эхэлсэн ч 14 жилийн дараа буюу энэ жил гүний уурхайн олборлолт эхэллээ. Өнгөрсөн хугацаанд ээдрээтэй олон асуудал, үл ойлголцол гарч байсан ч ерөнхий зүг чиг нь урагшилсаар өнөөдрийг хүрсэн. Гадны хөрөнгө оруулалттай том төслүүд Монголд эерэг дам нөлөөллөө өгч байна. Эдийн засгийн статистик талаас ирэх жилүүдэд эерэг үзүүлэлтүүд гарахад нөлөөлнө. Гэхдээ бид үр өгөөжийг нь илүү хүртэх боломжийг давхар харах ёстой.
Үр өгөөж гэдгийг Та дэлгэрүүлж тайлбарлаач?
Оюу толгой төсөл дэлхийн санхүүгийн байгууллагуудаас 12 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт босгож, Монголд хөрөнгө оруулан бүтээн байгуулалт хийсэн. Хөрөнгө оруулагч ч мөн өр төлбөрөө төлж эхэлнэ шүү дээ. Зэс, алт экспортолж, валютын нөөц бүрдүүлнэ. Валютын тодорхой хувь нь цалин хөлс, үйлчилгээ, худалдан авалт зэргээр Монголд үлдэх боловч тодорхой хувь урьдчилж тавьсан өр төлбөрт зарцуулагдана. Статистик дээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өссөн эерэг тоо харагдах боловч, үндэсний нийт орлого (ҮНО) буюу монголчуудад үлдэх орлого дээр зөрүү гарч эхэлнэ. ҮНО гэдэг дэлхийн хаана ч байж болно, монгол хүмүүсийн олж байгаа орлого. ДНБ нь Монгол Улсын газар нутаг дээр бий болж байгаа үйлдвэрлэл.
Монгол Улсын хилээр гарч буй экспортын орлого ч өснө. Гэхдээ таван тэрбум долларын орлого оллоо гэхэд тэр дүнгээр орж ирэхгүй. Ажилтнуудын цалин, тоног төхөөрөмжийн сэлбэг, бусад худалдан авалтууд, төмар зам ч юм уу бүтээн байгуулалт шаардлагатай төсөлд хөрөнгө оруулбал тэр хэсэг нь орж ирнэ. Бусад нь өмнө авсан өр төлбөрөө төлөхөд зарцуулагдана. Ирээдүйн ногдол ашгаа хөрөнгө оруулагч төдийгүй Засгийн газар ч зохих хувиа авна. Тэгэхээр энэхүү эдийн засгийн эргэлтийг яаж бусад төсөл, салбар, монгол хүний ирээдүйд олох орлого руу шингээх вэ гэдэг менежментэд онцгой анхаарах ёстой. Тэгэхээр баялгийн менежмент, орлогын дахин хуваарлилтыг бий болгох ёстой.
Оюу толгой шиг томоохон төслийг дагаад эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Энэ өсөлтийг бусад салбарын болон хувь хүний орлого руу чиглүүлэхэд онцгой анхаарах учиртай. Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа 2027 оноос ажиллаж эхэлснээр эдийн засагт илүү том нөлөө үзүүлэх бөгөөд тухайн үед ДНБ болон ҮНО-ын зөрүү улам холдох эхлэл тавигдана гэсэн үг. Иймд өсөлтийг яаж хүртээмжтэй болгох, монгол айл өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, үр шимийг өсгөхийн тулд ажлын байр нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, уламжлагдсан эрэлт бий болгох чиглэлд давхар анхаарах ёстой гэсэн санаа юм.
Тэгвэл энэхүү том төслүүдээс Монгол Улс ямар ашиг хүртэх ёстой гэж Та үзэж байна вэ?
Уул уурхайн салбараас бий болж байгаа орлогыг хоёр гол зүйлд эргүүлэн зарцуулах ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Нэгдүгээрт, хүмүүсийг өндөр чадавхтай болгох. Дэлхийн технологийг эзэмших, хувь нэмэр оруулах чадавхтай монгол хүнийг бэлтгэх ёстой. Хүнээ эрүүл, өндөр чадавхтай болгон хөгжүүлэхэд байгалийн баялгийн орлогоо зөв зохистой зарцуулах ёстой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч татах, гадны орнуудтай худалдааны хэлэлцээр хийх, дэлхийн сайн туршлагуудыг Монголд авчрах, өндөр технологийг нутагшуулах хөрс суурь бүрдэнэ.
Хоёрдугаарт, засаглал, институцийн хувьд чадавхжихад тэр орлогыг зарцуулах шаардлагатай. Монголд авлига хээл хахууль газар авсан, хуулиа хэрэгжүүлэхээс илүү хуулийн гадуур ажиллахыг боддог гаж үзэгдлүүд шат шатандаа байгаа талаар ихээхэн яригдаж байна. Энэ байдлыг засаж, зөв практикийг хяналтын механизмтай нь хамт ажиллуулах институцийг бий болгох хэрэгтэй. Хүн нь чадавхтай байхаас гадна ажиллах механизм, тогтолцоо нь зөв байх ёстой.
Ийнхүү байгалийн баялгийг чадавхитай хүмүүн капитал болон чанартай институц болгож чадсанаар бүтээгдэхүүний төрөлжилт бий болох буюу уул уурхайн бус салбар, тэр дундаа боловсруулалтын шат ахисан, өндөр технологи, бүтээмжтэй аж үйлдвэрүүд хөгжих суурь нөхцөл бүрдэнэ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай хосолсноор экспортын болон эдийн засгийн төрөлжилт бий болох, эдийн засгийн илүү тогтвортой, хүртээмтэй өсөлт бий болох боломжтойг байгалийн баялагт тулгуурлан хөгжсөн олон улс орны жишээ тод харуулж байна.
Монголын төр урт хугацаанд санах ойтой байх ёстой
Улстөрчид, эдийн засагчид өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дүгнэдэг. Засгийн газар энэ байдлаа бодитоор дүгнэж, хөгжлийн бодлогоо тодорхойлон эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд зоримог алхмууд хийх эхлэл харагддаг. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
Ийм мессэж бол нийгэмд хангалттай гарсан гэж харж байна. Гэхдээ ярих нэг хэрэг, үйлдэл хамгийн чухал. Өнгөрсөн 30 жилд, тэр дотроо сүүлийн 15 жилд бидний гаргасан алдаа багагүй бий. Гол нь давтах учиргүй. Монголын төр урт хугацаанд санах ойтой байх ёстой. Санах ой гэдэг нь зөвхөн архивт хадгалах баримт бичгийн тухай биш, бодлогын ямар алдаа гарав, алдаагаа давтахгүй байх, ололт дээрээ суурилаад цааш хөгжих тухай асуудал гэж хардаг.
Төсвийг мөчлөг дагуулж тэлдэг, инфляц өндөр байхад цалингаа нэмж, инфляцийг илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах нөхцөл рүү аваачдаг. Хямд хүүтэй зээлээр бүх асуудлыг шийдэх гэж оролддог, энэ бүхэн нөгөө талдаа эдийн засгийн зардлуудыг нэмэгдүүлдэг.
Тэр зардал нь эргээд хүмүүсийн амьжиргаа, орлогын тэгш бус байдал, баян ядуугийн ялгааг бий болгодог, эргээд нийгмийн бухимдал үүсгэдэг нь зах зээлд шилжсэн 30 жилд байсан сургамжууд. Үүнийгээ давтаад “нэг унасан нүхэндээ дахин дахин унадаг” байдал хэвээр байна уу гэдэг болгоомжлол зарим тохиолдолд харагдаж байна. Тэгэхээр алдаагаа засах ёстой, сайн үр дагавартай ажлыг улам батжуулах ёстой. Үүн дээр нэмээд шударга ёс тогтоох, авлигыг устгах, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлыг улам бэхжүүлээд явах ёстой. Эдгээр нь зах зээлийн тогтолцоог сонгосон орнуудад мөрдөх ёстой суурь зарчим юм.