Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ


Ч.Сансар

Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас  их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан  алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ.

"Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний  хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.

Аурубис компани Европ болон АНУ-д жилд 1.1 сая тонн катодын зэс үйлдвэрлэн нийлүүлдэг  бөгөөд Европын катодын зэсийн 30%-ийг, дэлхийн 3-5%-ийг үйлдвэрлэдэг гэж хэвлэлийн төлөөлөгч CNN-д ярьжээ.

Катодын зэсийг цахилгаан утас, усны хоолойн үйлдвэрлэл зэрэг барилгын салбарт өргөнөөр ашигладаг. Мөн салхин турбин, нарны хавтан, цахилгаан машины үйлдвэрлэлд их хэмжээгээр ашигладаг   чухал металл юм.

Ихээхэн хэмжээний бүтээгдэхүүний алдагдал, эрсдэлээс үүссэн  Аурубисын санхүүгийн хохирол нь "олон сая еврогийн хэмжээнд хүрэх магадлалтай" гэж тус компани мэдэгдээд, энэ санхүүгийн жилд төлөвлөж байсан ашгийн үзүүлэлт эрс буурах нь тодорхой байна хэмээв.

9 дүгээр сарын 1-нд Аурубисын хувьцааны ханш огцом унаж, Европын бирж дээр 12%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Аурубис компанийн байрладаг ХБНГУ-ын Хамбург хотын эрүүгийн цагдаагийн газар   энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэж үйлдвэрлэлийн удирдлага мэдэгдэв. Мөн болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх, харуул хамгаалалт, аюулгүй байдлаа сайжруулах зорилгоор дотоод болон гадаадын мэргэжилтнүүдийг энэ ажилд оролцуулсан аж.

Энэхүү үйл явдал тус компани хулгайн гэмт хэргийн талаар мэдээлсэн анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн 6 дугаар  сард Аурубис "өмнө гарсан гэмт хэргүүдийг" илрүүлсэн гэж мэдэгджээ. Тус компанийн үйлдвэрлэлийн явцад бий болдог үнэт металл агуулсан “завсрын бүтээгдэхүүн”-ийг онилсон “зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл”-ийг прокурор, цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж: cnn.com