Б.Ариун
Монгол Улсын Засгийн газраас аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг өнгөрсөн есдүгээр сарын 1-нд болсон Засгийн газрын хуралдаанаар баталсан.
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох, автозамын таван коридор байгуулахаар болж орон нутаг дахь түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридор бий. Үүн дээр дээрх төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барих юм. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болгох аж.
Авто замын сангийн бие даасан байдлыг хангах, олон улс болон улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэх, Авто замын тухай хуульд үнэлгээ хийж шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөх юм байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөхөөр болжээ.
Замын чанар, стандартыг шинэчлэх, цаашид бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгажээ.