Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын компаниуд нүүрсний станц  барих боломжоо ашиглаж байна


Ч.Сансар
Хятадын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Тус улсын хамгийн том нүүрсний  компани  эдийн засгийн хямралын үед гацсан зарим төслүүдийг сэргээхээр төлөвлөж байна.

Ингэснээр  Хятадын нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал  нэмэгдэх боломж нээгдэж, Shenhua Energy компани 2025 оноос өмнө нүүрсний цахилгаан станцуудыг олноор барихаар болжээ.

Тус компани нь Хятадын хамгийн том нүүрс олборлогч China Energy Investment Corp компанийн нэг салбар юм. Өнгөрсөн онд Хятадын нүүрсний олборлолт 9%-иар өсч 4.5 тэрбум тонн болсон нь дэлхийн нийт нүүрсний олборлолтын талаас илүү хувийг эзэлж байна.

"Хятадын эрчим хүчний системийн ажиллагаа оновчтой болох тусам тус компани дулааны эрчим хүчийг хөгжүүлэх боломжуудыг ашиглаж байна" гэж тус компанийн ерөнхий менежер Шү Минжүн хэлсэн талаар Bloomberg иш татжээ.
Хятад улс өнгөрсөн оноос эхлэн нүүрсний шинэ станцуудыг барих зөвшөөрлийг  эрчимтэй  олгож байна. Одоогоор нийт 152 ГВт хүчин чадалтай станцуудыг шинээр байгуулахаар болсон бөгөөд энэ нь Европт  ажиллаж буй нүүрсний станцуудын нийт хүчин чадлаас илүү гарсан гэж Bloomberg тэмдэглэв.

Энэ оны эхний хагаст Хятад улс 50 гаруй ГВт хүчин чадалтай нүүрсний шинэ станцуудыг ашиглалтад оруулахыг баталсан.
Байгаль орчны хамгаалагчид эдгээр үйл явдлыг ихээхэн шүүмжилж байна. Гэвч Хятад улс цаг агаараас шалтгаалж салхи, нарны эрчим хүчний хэлбэлзлийг нөхөхөд нүүрсний станцууд туслах үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, тэргүүлэх чиглэлээ баримталсан хэвээр байна.

Үнэнийг хэлэхэд, Оросын хямд хий орж ирэхээ больсон энэ үед Европ ч мөн нүүрсний станцуудаа сэргээж эхэлсэн. Хэдийгээр Европ тивд салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан эрчим хүч  нийлүүлэх шаардлага үүссэн тул нүүрсний станцуудыг давхар ажиллуулахаар болжээ. 

Эх сурвалж: oilprice.com