Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна хэмээн Засгийн газрын тэргүүн Дорноговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Баянбогд хайрхан орчимд 15000 га шахам талбайд хайгуул хийхийг зөвшөөрч “Эрдэнэсбогд” ХХК-д лиценз олгосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулж нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д, үлдэх 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэхээр тогтжээ.
Ингэснээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж Улаанбаатар хотын LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг” төслийг санхүүжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин нутгийн иргэд хайрхнаа ухуулахгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж тэмцэж ирсэн. Энэ талаараа иргэд “Баянбогд хайрхныг ухуулахгүй байхад анхаарч иргэдийн санаа бодлыг сонсч, санал хүсэлт авч хэрэгжүүлдэг болмоор байна. Хуулийн дагуу ямар ч санал хүсэлт аваагүй тэрч бүү хэл аймаг, орон нутгийн удирдлагууд ч мэдээгүй байсан” гэж Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэллээ. Ерөнхий сайд “Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна” гэв.
Дашрамд хэлэхэд, Баянбогд хайрхныг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор “Аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг”-ээр баталсан төдийгүй аймгийн ИТХурлын 2013 оны 4/08-р тогтоолоор аймгийн хамгаалалтад авсан байдаг. Нутгийнхан “Ноёны тахилгат овоо” хэмээн нэрлэж эртнээс нааш тахиж иржээ.