Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЭРЧИМ ХҮЧНИЙ “ПОВЕР БАНК”

Д.Оюунчимэг

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүчний салбарын сэргэлтийг эрчимжүүлэх зорилт амжилттай хэрэгжиж байна.

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 80 МВт/200 МВт.ц чадалтай батарей хуримтлуурын системийг суурилуулж, нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэх  Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийг Эрчим хүчний яам санаачлан хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны 114.95 сая ам.долларын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

ЦАХИЛГААН ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ

Төсөл хэрэгжсэнээр  нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх боломж  бүрдэнэ. Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах нь төслийн гол зорилго гэдгийг төслийн зохицуулагч М.Наранбат хэлж байлаа. Тэрбээр “Батарей хуримтлуурын байгууламж гэдэг бол энгийнээр ойлговол хүмүүсийн байнгын хэрэглээ болсон “повер банк”.  Эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдалд орж байна. Энэ нь хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой.  Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт хийж дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулалт харьцангүй буурч байна.

Тиймээс манай улс сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид цахилгаан хуримтлуурын төслийг хэрэгжүүлэх болсон. Учир нь сэргээгдэх эрчим хүч жигд, тогтвортой нийлүүлэлт хийж чаддаггүй. Тэгэхээр батарей хуримтлуур хязгаарлалтыг бууруулж эрчим хүчийг шөнийн бага ачааллын үед хуримтлуулан оргил ачааллын үед нийлүүлэлтээ хийх юм” гэлээ.

Нийслэлчүүд энэ өвөл цахилгааны дутагдалд орох эрсдэл нь өндөр гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс эрсдэлийг бууруулахын тулд ирэх жилүүдэд эрчим хүчний бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч буй.

Тэгэхээр дээрх төсөл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох нь. Мөн хүчдэлийн тохируулга хийх, Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм. Мэдээж аливаа зүйлд үр өгөөж, ашиг байх учиртай. Тэгвэл төслийн ашиг нь эрчим хүчний чадлын дутагдлаас үүдэлтэй хязгаарлалт үүсэх эрсдлийг бууруулна. Импортын эрчим хүчний хэмжээг бууруулж,   хараат байдлыг багасгана.

Дулааны цахилгаан станцуудад ирэх цахилгааны ачааллын хэлбэлзлийг бууруулах буюу оргил ачааллыг байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүчний нөөцөөс хангаж, нүүрс хүчлийн давхар ислийн ялгарлыг жилд 46.8 мянган тонн, 2030 он гэхэд жилд 842 мянган тонноор бууруулах боломжийг олгож, үндэсний зорилтот түвшинг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн төслийн багийнхан тодорхойлжээ.

НЭГДСЭН СҮЛЖЭЭ БА БАТаРЕЙ ХУРИМТЛУУР

Төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны зээл болон буцалтгүй тусламжаар шийдвэрлэжээ. Ингэхдээ 100 сая ам.долларыг зээлээр, гурван саяыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Зээлийн нөхцлийн тухайд 25 жилийн хугацаатай, жилийн 2.225 хувийн хүүтэй бөгөөд эхний таван жил төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.

Төслийг анх 2020 оны  долоодугаар сард төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан Германы RWE Technology International GmbH-тэй төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулснаар эхлүүлжээ. Мөн тухайн үедээ ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “ZTT&ZEST consortium”-ийг сонгосон байна. Ийнхүү энэ оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлж ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгино” дэд станцын дэргэд  “санамсаргүй” барьчихаагүй аж. Учир нь эрчим хүчний “повер банк” чамгүй талбай эзэлдэг. Гэтэл “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл” 16 га талбайд байрлаж буй бөгөөд хэрэглэгчийн олонхийг дагаж байршиж буй талаар  төслийн зохицуулагч М.Наранбат ярьсан юм. Тэрбээр “Батарей хуримтлуур маань нэгдсэн сүлжээнээс цэнэглэгдэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчнээс цэнэг авна. Байршлын хувьд хэрэглээний төвтэй ойрхон. Мөн дэд станц бараадан барилга угсралтын ажлаа хийж байна” гэв.

Эрчим хүчний “повер банк” хуримтлал үүсгэхдээ нэгдсэн сүлжээнээс тэжээгдэхээс гадна шөнийн хэрэглээний илүүдлийг “хадгалах” юм. Ийнхүү цэнэглэгдсэн хуримтлуур маань ид ачааллын үед нэгдсэн сүлжээндээ нийлүүлэлт хийх аж. “Повер банк” цахилгаангүй үед бүрэн хүчин чадлаараа 2.5 цаг ажиллана.

Барилга угсралтын төслийн зохицуулагч Б.Батжавхлан “Барилга угсралтын суурийн ажилд нэлээд цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулсан. Газрын хөрсний хувьд   хөлдсөн гадарга  хавартаа халиа үүсэх эрсдэлтэй гэсэн геологийн дүгнэлт гарсан учраас 41 шоо метр шороогоор өндөрлөгөө хийж бүтээн байгуулалтын ажлаа хийлээ.

Хэдийгээр бороо хур элбэгтэй байгаа ч бид хүн хүчээ дайчлан шахуу ажиллаж гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгнө” гэлээ.  Батарей хуримтлуурын төсөл манай улсын хувьд “шинэ”. Тэгэхээр энд ажиллаж буй туслан гүйцэтгэгч үндэсний компаниудад дараагийн шатны боломж, туршлагыг харамгүй өгч байгааг төслийн гүйцэтгэгчид хэлж байна.

Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи  эрчимтэй хөгжиж буй энэ үед монголчууд хоцролгүй алхах учиртай. Ямартай ч эрчим хүчний “повер банк”-тай боллоо. Үүнийг өргөжүүлэх, хөгжүүлэх, магадгүй хөдөө орон нутагт ч барих боломж бий.