Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Д.Жавзансүрэн: Гаалийн төв лаборатори нүүрсийг 30 нэр төрлөөр ангилан, баталгаажуулалт хийдэг

Гаалийн төв лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилснээр 2022 оноос эхлэн нүүрсний ангилал, стандартыг Гаалийн ерөнхий газраас шинэчлэн тогтоожээ. Энэ талаар Гаалийн төв лабораторийн Гаалийн улсын байцаагч, шинжээч Д.Жавзансүрэнгээс тодрууллаа.

А.Халиун

Экспортод гарч байгаа нүүрстэй холбоотой ямар шинжилгээнүүдийг  Гаалийн төв лаборатори хийж байна вэ?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  гаалийн шинэчлэлийн хүрээнд 26 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авсан. Тэдгээр төхөөрөмжөөрөө 11  нэр төрлийн шинжилгээ хийж байна. Үүн дотор нүүрсний техникийн үндсэн шинжилгээ, коксжих чанар, хорт элементийн гэсэн шинжилгээнүүдийг хийж байна.

Нүүрсний шинжилгээг 2021 оноос хийж эхэлсэн бөгөөд Монгол Улсын үндэсний итгэмжлэлийг 4 жилээр, 2022 онд БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагад   хамрагдаж 8 нэр төрлийн нүүрсний шинжилгээнд итгэмжлэл авсан. Нүүрсийг өөрийн лабораторид шинжилж, магадлан шинжилгээний дүгнэлт гарснаараа  компаниуд шуурхай үйлчилгээ авах, үйл ажиллагаанд зарцуулах хугацааг бууруулж, гадаад худалдааг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой болсон.

Мөн аж ахуйн нэгжүүд гаалийн үйлчилгээг шуурхай авч,  чирэгдэлгүй үйлчлэх боломжтой болсон.

Монгол Улс жилд хэдий хэмжээний нүүрс экспортолж байна вэ. Худалдан авагч БНХАУ-ын тал нүүрсэнд ямар шаардлагуудыг тавьж байна вэ?

Монгол Улс сүүлийн 10 жилд дунджаар 14.4-36.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 34.5 сая тонн нүүрс экспортлоод байна.

2015 оноос эхлэн БНХАУ-ын тал нүүрсэнд агуулагдах байгаль орчин болон технологийн хорт элементийн зөвшөөрөгдөх дээд хязгаарыг тогтоож өгсөн. Нүүрсэнд агуулагддаг мөнгөн ус, мышьяк,  фосфор, фтор, хлор гэсэн таван нэр төрлийн элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хязгаар тогтоосон байдаг.

Манай шинэ лаборатори ашиглалтад ороогүй байх үед нүүрсний хорт элементийг шинжилдэг лаборатори цөөн байсан. Нүүрсний хорт элементийг шинжилдэггүйгээс экспортын нүүрс фторын болон фосфорын агуулга өндөр гарсан гэх үндэслэлээр буцаагдах тохиолдол гарч байсан. Харин одоо энэ элементүүдийг шинжилдэг болсноор экспортод гарахаас өмнө урьдчилж тогтоогоод хортой элемент өндөр гарсан тохиолдолд экспортлох боломжгүй гэдгийг аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх боломж бүрдэж байна. 

Нүүрсний ангиллаас шалт­гаалж зах зээлийн үнэлгээнд  өөрчлөлт орох уу?  Ингэж нарийн шинжилж олон төрөлд ангилахын ач холбогдол юу вэ?

Нүүрсний ангиллын стандарт нь 2014 онд батлагдахдаа 11 нэр төрөл байсан. 2022 онд 30 нэр төрөл болон нэмэгдсэн. Энэ нь   эрдэс бүтээгдэхүүнээс ашигт малтмалын нөөц ашиглах төлбөрийг авах  үнэлгээг зөв тогтооход ач холбогдолтой.

Сангийн яамнаас сар бүр нүүрсний жишиг үнэ  баталдаг. Энэ жишиг үнийг 57 нэр төрөл болгож тогтоосон. Үнслэг, дэгдэмтгий бодис, илчлэгийн хэмжээ, G индекс гэсэн дөрвөн үзүүлэлтээс хамаарч нарийн тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл нүүрсний G индекс 50-65-ын хооронд байвал нэг үнэлгээтэй, G индекс 65-аас их байвал өөр үнэлгээтэй, илчлэгийн хэмжээ мөн 5000-аас их болон доош байхаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Мөн үнслэгийн хэмжээ 25-аас их, бага байвал ялгаатай үнэлэгдэх гэх мэт. Ийм учраас нүүрсийг 57 нэр төрлөөр үнэлсэн байдаг. Үүний ач холбогдол нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг үнэн зөв тодорхойлж барагдуулахад чухал ач холбогдолтой юм.