Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортод хориг тавихаар төлөвлөж байна


Ч.Сансар

ОХУ шатахууны үнийг тогтворжуулахын тулд бүх түүхий нефтийн бүтээгдэхүүний экспортыг хориглох боломжуудыг судалж байна гэж Оросын ТАСС агентлаг 9 дүгээр сарын 15-нд мэдэгдэв.

Нөгөө талаас ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татварыг тонн тутамд 250 ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Оросын дотоодын зах зээлд шатахуун нийлүүлэх квотоо хангасан компаниудад энэ татварыг буцаан олгоно.

Оросын нефть бүтээгдэхүүний экспортыг хориглох нь Европын дизель түлшний нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлнэ. Европ 2 дугаар сараас эхлэн Оросын боловсруулсан бүтээгдэхүүний импортыг хориглосон. Харин бодит байдал дээр Орос Африк руу экспортоо нэмэгдүүлсэн бөгөөд энэ оны I улирлын байдлаар боловсруулсан нефтийн экспорт жилийн өмнөхөөс 50%-иар өссөн.

ОХУ-ын хэд хэдэн газрын тосны үйлдвэр засварын ажлаа дуусгаж, үйл ажиллагаагаа сэргээхээр болсон гэж Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэв. Нефть боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ дуусах нь Оросын дотоодын түлшний хомсдолыг арилгаж, экспортын хориг тавих шаардлага гарахгүй байх боломжтой.

Орос улс дотоодын шатахууны хомсдлоос сэргийлэх, үнийг тогтворжуулах зорилгоор 5 дугаар сараас эхлэн шатахууны экспортод хориг тавихыг хэлэлцэж байгаа юм. Төсвийн зардлыг багасгах, Украин дахь цэргийн ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд олгох татаасыг энэ сард хоёр дахин бууруулсанаа зарлалаа.

ОХУ-ын зүгээс нефть боловсруулах үйлдвэрийн улирлын чанартай засвар үйлчилгээ үргэлжилж байгаа тул зарим боомтуудаар гаргах дизель түлшний экспортыг энэ сард 25%-иар бууруулахыг төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: oilprice.com