Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

З.Батбаяр: Дэлхий дээр хаана усны нөөц байна. Тэнд эрх мэдэл байна

 

А.Халиун

Элчин сайд асан З.Батбаяр усны мэргэжилтэн биш, Үндсэн хуулийн эрх зүйн талаар мэргэшсэн хүн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 2005 онд байгуулагдахад даргаар нь томилогдож, долоон жил ажиллахдаа 2009 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл дээр голлон ажилласан, тэр цагаас эхлэн энэ салбар руу гүнзгий орсон түүний нэрний өмнө “усны” гэх тодотгол бичигдэх болжээ. З.Батбаяр сэтгүүлийн шинэ дугаар шилжихийн өмнө /2023.08.21/ БОАЖ-ын сайдын тушаалаар хоёр дахь удаагаа Усны газрын  даргаар томилогджээ.

Ус хэмээх чандмань эрдэнийг ашиглах менежмент, усыг дахин ашиглах талаар хөндсөн энэ ярилцлагыг хийх үед тэрбээр Усны газрын даргын албан тушаалд томилогдоогүй байсныг ярилцлагынхаа эхэнд тодотгох нь зүйтэй юм.

“Усны нөөцтэй оронд хөгжил байна.  Азиас Хятад, Сингапур, Япон, БНСУ, Европтоо  Герман, Франц, Англи  усны арвин их нөөцтэйн дээр ус ашиглалтын менежентийг маш сайн хэрэгжүүлсэн, ийм улс орнууд хөгжлийн сууриа нэгэнт бат тавьсан  байдаг. Зүүн Европын орнууд хөгжлөөр баруундаа хүрэхгүй, яагаад гэхээр усны нөөц арай багатай” гэсээр тэр яриагаа эхлэв.

Усны нөөц арвин орнууд хөгжиж байна гэж Та хэллээ. Тэр нь өгөгдөл үү, эсвэл   усаа дахин ашиглах технологийг нэвтрүүлж, ашиглаж чадаж байна гэсэн давуу тал уу?

Хоёр талтай. Нэгдүгээрт, өгөгдөлтэй. Хоёрдугаарт усыг дахин ашиглах технологийг маш сайн нэвтрүүлсэн. Хүн төрөлхтний хөгжлийг харахад гол, усаа дагаж хөгжиж ирсэн байдаг. Дундад зууны үеэс заавал голоо дагах биш, голын усыг зөөвөрлөн ашиглах арга замыг хайсаар  ирсэн. Жишээлбэл, усыг зөөх аргыг олсноор ус 1000 км-ийн цаана байсан ч хүмүүс хүртэж чадаж байна.

Одоо цагт усны менежментийг хэрхэн явуулах нь зүйтэй вэ?    

Сэлэнгэ мөрний эрэг дээр 1974 онд хоёр том худаг гарган ашиглаж эхэлснээс  хойш Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”   зэсийн баяжмал олборлож, тэр цагаас эхлэн газрын баялаг бүтээж эхэлсэн. Усгүй бол алт, зэс  зэрэг түүхий эдийг  баялаг  болгон  хүртэж чадахгүй. Усны нөөцийг тогтоож, ашиглалтын менежментийг шийдсэний дараа л уул уурхайн баялгийн олборлох хүчин зүйл бүрдэнэ. u

Холбоо хамааралгүй зүйл гэж огт байхгүй. Хэрвээ бид уул уурхайг хөгжүүлье гэвэл мал аж ахуйн хөгжлийг уул уурхайтай нийцүүлэх ёстой. Энэ хоёр салбар харилцан хамааралтай. Монголчууд дэлхийд цор ганц үлдсэн нүүдлийн мал аж ахуй, соёл иргэншлээ авч үлдэнэ. Тэгэхээр  уламжлалт ахуйдаа нийцсэн газар тариалан, үйлдвэрлэл, уул уурхайг хөгжүүлэх учиртай юм.

Монгол Улс мал аж ахуйн орон. Судалгаанаас  харахад нэг хонь өдөрт 10-15 литр, адуу 40-50 литр ус уудаг гэсэн тооцоо гарсан байна. Тэгэхээр тэмээ үүнээс их ус уудаг байж таарах нь. Монгол Улс 70 сая малтай, хангай, говийн нутаг орны бүсээс шалтгаалан малын уух усны хэмжээ харилцан адилгүй  байж болох юм. Жишээлбэл, хангайд бэлчиж байгаа малыг эрт хотлуулбал өглөөний шүүдрийн усаар усны хэрэгцээгээ хангана. Энэ мэт судалгаанд үндэслэн  нарийн тооцооллын дагуу усны менежментийг хийж болох юм.

Монгол Улсын эдийн засгийн 93% нь уул уурхайн салбараас хамаарч байна. Тэгэхээр энэ салбарт усны менежментийг сайжруулах, усыг дахин ашиглах зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Газрын гүний ус бол  үнэт чандмань эрдэнэ.  Гүний цэнгэг  усаа  үнэ цэнэтэй гэх 70 сая малдаа өгөх үү.  Унданд ашиглах уу. Тэгэхээр ундны усыг гүний усаар, бусад хэрэгцээг гадаргын усаар шийдье гэдэг нэгдсэн бодлого баримтлах нь зүйтэй.

Тэгэхээр  уул уурхайд ашиглах усыг хэрхэн  шийдэх нь зөв бэ?

 Гүний усаар алт угааж болохгүй. Алт олборлож хот байгуулж болно. Хэдэн жилийн дараа  уух усгүй болбол яах вэ. Уул уурхайд  гадаргын усыг хэрэглэдэг болсон үед уул уурхай хөгжинө. Миний хувьд уул уурхайг эсэргүүцдэг хүн биш, усны менежмент талаас нь яривал асуудал их бий. 

Оюутолгой бол газрын доорх усыг хуримтлуулж, усан сан байгуулсан. Түүнийгээ 90 гаруй хувь дахин ашиглаж байна. Энэ бол сайн жишээ.

Гадаргын усыг хуримтлуулах технологийн ямар шийдэл оновчтой гэж Та харж байна вэ?

 Энэ зун манай орны ихэнх хот, суурин болон орон нутагт маш их  хэмжээний усархаг бороо орлоо. Олон зам, гүүр үерт автаж, эвдэрч сүйдлээ. Байгалиас үнэгүй асгарч байгаа тэр их усыг бид одоо ад үзэж, аюул гэж харж байна. Хуримтлуулж ашиглавал байгаль орчинд, усны нөөцөө хамгаалахад маш их үр ашигтай.  

Европын хэд хэдэн орон, тэр дундаа Туркт үер буухад зам усанд автдаггүй. Ихэнх замаа гүдгэр бариад, замын дагуу давхар  ус хуримтлуулах суваг татсан байдаг. Энэ шийдлийг ганц Турк биш Европын орнуудад ч хэрэгжүүлсэн  байдаг. Хурдны замаар давхихад ямар ч ширүүн бороонд  зам усанд автдаггүй.  Ус хуримтлуулах шийдлээ нэгэнт хийчихсэн байдаг. Европт бороо их ордог, сайн ч хуримтлуулдаг, мөн усны арвин нөөцтэй учир түүнийгээ дагаад хөгжөөд байна.

Манай улс томоохон авто замуудын дагуу энэ шийдлийг нэвтрүүлж, 10 км тутамд жижиг нуур үүсгэвэл Монгол шиг нүцгэн талтай газарт ойжуулалтын усыг шийдэх өргөн боломжтой. u

Нэмэлт зардал нэлээд гарах байх даа?

Анх зам барихдаа л ус хуримтлуулах системийг нь хамт шийдэх хэрэгтэй. Борооны улмаас замууд эвдэрч, маш их зардал гарч байна. Хамгийн чухал зүйл бол усыг дахин ашиглах, усыг хэдэн ч удаа ашиглаж болно. Гэтэл бид  гүний цэвэр усаа өдөр тутмын ахуйн хэрэгцээнд ашиглаж усанд дэндүү гамгүй хандаж байна. Хот, суурин газарт бол шинээр барих орон сууцны барилгуудын дээвэр дээр ус хуримтлуулах системийг суурилуулж, байрныхаа цэвэрлэгээний усыг тэндээс авч болох юм.

Мөн орон сууц руу орох шугам хоолойд саарал усны хоолой нэмэл­тээр суурилуулах хэрэгтэй. Нэгэнт баригдсан барилгуудад боломж­гүй учир шинээр баригдах барилгууддаа саарал усны хоо­лой оруулж,  наад захын ахуйн хэрэг­лээнд  саарал ус хэрэглэж хэвших  ёстой.  

Борооны усыг хуримтлуулж уул уурхайн салбартаа ашиглаж болох ямар туршлага,  шийдлүүд байна вэ?

Томоохон гол мөрөн дээр далан боомт барих байдлаар ашиглаж болно. Жишээлбэл, Туул голоор нэг  секундэд 26 шоо метр буюу 26 мянган тонн ус урсдаг. Гэхдээ энэ зун бороо ус ихтэй байгаа учир   баримжаагаар тооцоход  Туул голоор  секундэд 50-60 мянган тонн ус урсаж байна. Тэгэхээр Туулын 26 шоо метрээс давсан усыг авч үлдэж болно гэсэн үг. Европын шийдэл ердөө л энэ. 

Унгар улсын хилээр орж байгаа усны хэмжээ гарч байгаагаас давсан учир, тэр усыг ашиглах боломжтой гэж бидэнд ярьсан. Унгар улс газрын доорх усны нөөц  ихтэй учир ус дахин ашиглах технологи нь тийм сайн биш л дээ. Гэхдээ энэ талаар яриад эхэлсэн байна. 

Манай улсад Орхон, Хэрлэн, Туул гурван том гол байна. Орхон, Хэрлэн хоёр Туул голоос хоёр дахин их устай. Энэ гурван гол дээр усан сан барих боломжтой. Энэ зуных шиг  их бороотой жил   усан сан амархан дүүрнэ. Борооны ус татрахад усан сангаа нээж, голын урсцыг нэмэгдүүлэх зохицуулалттай байх юм. Усны түвшин багасвал голын сав руугаа ус нийлүүлнэ. Үерлэвэл хаачихна. Энэ шийдлийг хөгжлийнхөө түвшинд хүрсэн Америк, Сингапур улс амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү шийдлийг анх 1920-иод онд туршиж байсан бөгөөд  үр ашигтай болох нь цаг хугацааны уртад хэдийнэ батлагдсан.

Монголчууд  усны үнэ цэнийг тун бага үнэлдэг улс. Таны бодлоор...?

Хүн төрөлхтний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол ус. Усны хэрэглээг доллар, центээр  нарийн тооцох хэрэгтэй. Хүн бүхэн мэддэг хэрнээ  огт тоодоггүй.

Хэрлэн гол дээр  усан сан баривал 1.5 тэрбум шоо метр ус хуримтална. Гэхдээ энэ зуных шиг үерлэвэл усан сан сарын дотор ч дүүрч мэднэ. Монгол Улсын усны нийт хэрэглээг авч үзэхэд 500 сая шоо метр. Тэнд гурван жилийн хэрэгцээний ус цугларахаар байна.  Манай улс газар зүйн тогтцын хувьд хойноосоо урагшаа налуу байрлалтай. Дунд нь тогтсон уул толгод гээд ганц хоёрхон газарт өргөх системийг байрлуулна. Бусад үед голдрилоороо урсах боломжтой.  Хуримталсны  дараа уул уурхай руугаа суваг татаж болно. 

Хэрлэн голоос  өмнийн говь руу ус татах талаар багагүй хугацаанд ярьж байсан. Хэзээ биеллээ олох вэ?

Хоосон мөрөөдөл биш. “Эрдэнэт” үйлдвэр  гэхэд мэргэжлийн хэллэгээр бол усны нөөцийн алсын зайн шилжүүлэлтээр ажилладаг. Сэлэнгэ мөрнөөс 60 км-т ус татдаг. 60 км, 600 км татах хоёрын хооронд онцын ялгаа байхгүй, хоолойн урт богинын л ялгаа бий. Израйль болон Саудын Арабт  далайгаасаа ус татаж, эзэнгүй цөлд хот байгуулж,  асуудлаа шийдэж байна.

Манай орны хувьд Гэгээн нуураас 45 км шугам татаад Говь-Алтай аймгийн төвийг усаар хангаж байна. Ирээдүйд усны хэрэглээ улам нэмэгдэнэ. Тэг­вэл өнөөдрийнх шиг газрын доорх гүний усаа ашиглаад байвал  нөөц шавхаг­даж, тун удахгүй усны хомсдолд орно. 

Тиймээс усыг дахин ашиглая. Дахин ашиглахын тулд усны нөөцийн хуримтлал буюу усан сан  байгуулах хэрэгтэй.  Усан сан барихгүй цаг алдсаар байвал  говьд байгаа уул уурхайн  үйлдвэрлэлийн зардал  өдөр ирэх тусам  өссөөр байх болно. Улсын зардлаар  усан сан байгуулж, харин  аж ахуйн нэгж, уурхайнууд өөрсдийн зардлаар  усаа татаж, усаа үнэ төлбөргүй ашиглаж болно шүү дээ.

Оюу толгой гэхэд  ус ашигласны төлбөрт 14 тэрбум төгрөг жилд төлдөг. Тэгэхээр компаниуд Засгийн газартай тохиролцон 50, 100 жилийн турш усаа үнэ төлбөргүй ашиглавал тухайн компанийн үйлдвэрлэлийн зардал багасна. Өмнийн говьд ашиглалт явуулж олборлолт хийж байгаа бусад уурхай ч ашгаа өгнө.  Манай улс усан цахилгааны станц, усны нөөцийн хуримтлалаараа дэлхийд тэргүүлдэг хоёр орны дунд оршдог хэр нь өнөөг хүртэл  усан сан байгуулж чадаагүй л байна. Дэлхий дээр хаана усны нөөц байна. Тэнд эрх мэдэл байна.

 

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.