Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Геополитикийн нөлөөнд нефтийн үнэ ханш богино хугацаанд огцом өсч  болзошгүй 

Ч.Сансар

Есдүгээр  сарын 18-нд нефтийн үнийн өсөлт үргэлжилж, Brent маркийн нефтийн үнэ 95 ам.долларт хүрсэн бол дэлхийн зарим бирж дээр 100 ам.доллар давлаа.

Өнгөрсөн даваа гарагт Нигерийн Qua Iboe маркийн нефтийн үнэ баррель нь 100 ам.доллар давсан бол Малайзын Tapis нефтийн үнэ ханш өнгөрсөн долоо хоногт аль хэдийнэ 100 долларыг давсан талаар Ройтерс агентлаг мэдээлэв. Шведийн SEB банкны шинжээч Бярне Шиелдроп тайландаа “Саудын Араб, Орос   газрын тосны зах зээлийг хатуу хяналтад байлгаж байна” гэж мэдэгджээ.

Газрын тосны үнэ энэ жил хамгийн өндөр түвшинд хүрлээ. OPEC+ бүлгийн хоёр том үйлдвэрлэгч болох Саудын Араб, Орос  улсууд олборлолтоо бууруулсны үр дүнд энэ оны сүүлийн улиралд нийлүүлэлт багасч, эрэлт өснө гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна.

Швейцарийн UBS банк Brent маркийн нефтийн үнэ 90-100 ам.долларын хооронд хэлбэлзэж, жилийн эцэст 95 ам. доллар хүрнэ гэж тооцоолж байна. Standard Chartered банкны шинжээчид нефть 93 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа ч IV улиралд 100 ам.доллараас дээш өсөхийг үгүйсгэхгүй байна.

Геополитикийн нөлөөнд нефтийн үнэ ханш богино хугацаанд 100 ам.доллараас давж болзошгүй. Гэхдээ "90 ам.долларын үнэ тодорхой хугацаанд тогтворгүй байх бөгөөд нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнийн өсөлт зогсоно гэж CitiGroup анхаарууллаа. ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт энэ онд өдөрт 1.8 сая баррелиар, 2024 онд нэг сая баррелиар нэмэгдэх төлөвтэй байгааг Citi банк тэмдэглэв. АНУ-ын олборлолт энэ онд өдөрт 900,000 баррель, ирэх онд 400,000 баррелиар нэмэгдэнэ гэж Bloomberg мэдээллээ.

Эх сурвалж: oilprice.com