ШУТИС-ийн докторант, гидрогеологич П.Баярмаатай говийн бүсийн усны талаар ярилцлаа. Тэрбээр “Бадрах Энержи” компанид гидрогеологич ажилтай бөгөөд “Дорноговийн ай савын газрын доорхи усны бүрэлдэн тархах зүй тогтол” сэдвээр докторын зэрэг горилсон судалгааны ажил хийж буй ажээ.
Д.Оюунчимэг
Монгол Улсын усны бүтцийг харвал нийт усны 70% нь хангайн бүсэд, 30% нь говийн бүсэд байдаг. Таны судалгааны ажлын онцлог юу вэ?
Говийн бүсэд хур тунадас бага унадаг, газрын доорх ус хуримтлагдах нөхцөл тун муу бөгөөд гадаргын усаар ховор энэ бүс нутагт газрын доорх усыг унд ахуй болон малын усалгаанд ашиглаж ирсэн. Говийн бүсийг усжуулах ажлын хүрээнд олон тооны худгууд гаргаж эрэл хайгуулын ажил явуулж байсан нь янз бүрийн хэмжээтэй зураг, тайланд тэмдэглэгдсэн байдаг. Миний судалгааны ажил говийн бүсийн газрын доорх ус түүний дотор газрын тос, ураны орд агуулсан Дорноговийн ай савын газрын доорхи ус бүрэлдэх зүй тогтол, геологи-гидрогеологийн нөхцөлийн онцлогийг тогтоож, гидрогеолог, гидрохимийн нөхцөлийн хамаарлыг тогтооход чиглэсэн. Дорноговийн ай сав нь Дорноговь аймгийн Сайхандулаан, Мандах, Улаанбадрах сумд болон Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамрана. Тус бүс нутаг нь физик газар зүйн мужлалаар Говийн их мужид харьяалагддаг. Тус бүс нутгийн уулс, толгод хоорондын хөндий, хотгор, гуу жалгууд нь салхины гаралтай зөөгдлийн элсээр бүрхэгдсэн. Бүргэд элс, Хонгорын говь, Зөөвчийн элс, Өөшийн элс, Дулаан харын говьд салхины зөөгдлийн элсний зузаан хамгийн их байдаг.
Мөн энэ бүс нутаг нь хуурай уур амьсгалтай ба жилийн дундаж температур нь 6-8°C-ын хооронд хэлбэлздэг. Улирлын хур тунадас багатай. Ихэвчлэн дулааны улиралд 100 мм буюу түүнээс бага хур тундас ордог. Иймд ууршилтын процесс эрчимтэй явагдахын сацуу жилийн дундаж нэвчилтийн (ус газрын гадаргуугаас хурдас чулуулгийн гүнд нэвтрэх үзэгдэл) хэмжээ нэн бага гэж болно. Тогтмол урсгалтай гол горхи бараг байхгүй.
1921 оноос Дорноговийн ай савын хэмжээнд геологи, гидрогеологийн судалгааны ажил жигд бус хэмжээгээр хийгдсэн. Түүнчлэн Зүүнбаян, Цагаан элс, Ухаагийн нефть, битум, Цагаан суваргын зэс молибден, Дулаан-Уул, Зөөвч-Овоо зэрэг ураны ордуудын эрэл хайгуул, ашигт малтмалын ашиглалттай холбоотой геологи, гидрогеологийн эрэл хайгуулын ажил явагдаж янз бүрийн хэмжээтэй зураглал, тайлангууд гарсан байдаг.
Зөөвч-Овоо орд ураныг газар доор уусган олборлохдоо ураны эрдэсжсэн бүсэд агуулагдаж байгаа уст давхаргын усыг битүү эргэлтээр ашиглана. Тиймээс ил уурхайтай харьцуулахад 2-3 дахин бага усны хэрэглээтэй. Тухайн давхаргын усыг багасгах асуудал үүсэхгүй гэж үзэж байна.
Тэгэхээр говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахад цэвэр усны нөөцийг илүүтэй ашиглаж байна гэж ойлгодог.
Байгалийн өгөгдөл нь хур тунадас багатай, гадаргын ус ховор учраас нөөц багатайд тооцогдоно. Говийн бүсэд газрын доорх усны нөөц нь олон мянган жилийн хуримтлалаар үүссэн байдаг. Тиймээс агуулж буй чулуулгаасаа шалтгаалан эрдэс баялгаар баяжсан байх учраас ундны усанд тэр бүр хэрэглэхэд тохиромжгүй болохыг гидрогеологийн судалгааны ажлаар тогтоосон.
Говийн бүсэд амьдардаг малчдын хувьд газар зүйн байршлаасаа шалтгаалан хоёр метрээс 50-60 метрийн гүний ус хэрэглэдэг. Хангайн устай харьцуулахад шууд унданд хэрэглэхэд төдийлөн тохиромжтой биш. Тиймээс говийн бүс нутагт усыг унданд хэрэглэхдээ цэвэршүүлэх төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй байдаг.
Миний хийж буй судалгааны талбайд тархсан газрын доорх ус нь хөдөлгөөн ба хуримтлалын нөхцөлөөрөө ан цав, нүх сүвийн гэсэн хоёр төрөлд хамаарна.
Тухайлбал, ан цавын ус нь ихэвчлэн хотгоруудыг хүрээлэн тогтсон, үндсэн чулуулгийн ан цавд хуримтлагдана. Харин нүх сүвийн ус нь хотгорыг дүүргэсэн 66-100 сая жилийн настай цэрд, 2 сая жилийн настай дөрөвдөгчийн хурдсанд агуулагдана. Мөн уст давхаргыг орших нөхцлөөр нь чөлөөт гадаргуутай ба түрэлттэй гэж хоёр ангилдаг. Чөлөөт гадаргуутай ус нь хотгорын захад орших гүний, бялхмал чулуулгууд, дөрөвдөгчийн хурдсанд хааяа цэрдийн хурдсанд, түрэлттэй ус нь хотгоруудыг дүүргэсэн төвийн хэсэгт цэрдийн хурдсанд тархсан байна. Түүнчлэн судалгааны талбайд газрын доорх усны тэжээгдэл, зөөгдөл, хуримтлалын мужууд тодорхой ялгагддаг. Тэжээгдэл зөөгдлийн муж нь 252-541 сая жилийн настай палеозой, хааяа 66-252 сая жилийн настай мезозойн хурдсаас тогтсон хотгорын захын өргөгдсөн хэсгүүдийг багтаана. Хуримтлалын муж нь мезозойн хурдаснаас бүрдсэн хотгоруудыг эзлэн оршино.
Палеозой, мезозой гэдгийг Та энгийнээр тайлбарлаж болох уу. Говийн бүс гадаргын эрдэсжсэн устай гээд ойлгочихож болох уу?
Палеозой, мезозой гэдэг нь геологийн цаг тооллын нэг хэллэг юм. Геологийн цаг тоолол нь хэд хэдэн ялгаатай нэгжүүдээс тогтдог. Геологийн цаг тооллын нэг нэгж болох эринд Палеозой, Мезозой ордог. Палеозойн эрин нь 6 галавт хуваагддаг. Мезозойн эрин нь цэрд, юра , триас гэсэн 3 галавт хуваагддаг. Жишээ нь Юрын галавын цэцэрлэг гээд динозаврын үеийн киногоор хүмүүс юрын галавыг сайн мэддэг болсон гэж бодож байна. Миний судалгаа хийж буй бүс нутгийн геологийн онцлог нь тунамал, бялхмал, хувирмал, чулуулгаас бүрдэх нийлмэл тогтоцтой. Янз бүрийн геологийн нас, найрлага бүхий гүний чулуулгаар зүсэгдсэн. Хагарлаар хэрчигдсэн блоклог бүтэцтэй болсон байдаг. Эдгээр хүчин зүйлүүдээс хамааран газрын доорх усны тархалт, тэжээгдлийн нөхцөл, химийн найрлага нь янз бүр байдаг. Тэгэхээр миний судалгааны ажил тухайн газар нутгийн газрын доорх ус хэрхэн бүрэлдэн тогтсон, усны нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа эсэхийг харуулахыг зорьсон.
Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд тухайн ордын газрын доорх усны нөхцөлийг тодорхойлж, гидрогеологийн судалгаа хийж усны нөөц хүрэлцэх эсэхийг тогтоосны үндсэн дээр ажлыг нь эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн байгаль орчин, уст давхаргад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй гэдгийг тогтоосны үндсэн дээр уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа юм.
Ус тэр дундаа цэвэр усыг нөөцлөх, хуримтлуулахад дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Монголчуудын хувьд томоохон уурхай, үйлдвэрийн газрууд усны нөөцийг барагдуулж байна гэж ойлгодог. Судлаач хүний хувьд Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
Газрын доорх ус ямар байдалтай байдаг талаар хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, миний судалгаа хийсэн Дорноговийн ай савд цэрдийн настай Үнэгт болон Зүүнбаянгийн дэд хотгор байрладаг. Энэ 2 дэд хотгор дахь гол уст үе давхарга нь элс давамгайлсан хурдасд агуулагдах ба өөр хоорондоо шаврын үеүдээр тусгаарлагдсан хэд хэдэн уст үеүдээс бүрддэг. Өмнө нь би түрэлтэд болон чөлөөт гадаргатай уст давхарга оршдог талаар ярьсан. Түрэлтэд уст давхарга нь дээд болон доод талаараа шаврын үеэр тусгаарлагдсан байдаг бол чөлөөт гадаргатай уст давхарга нь дээд талаараа шаврын үеэр тусгаарлагдаагүй хур тунадасны усаар тэжээгдэж байдаг онцлогтой. Тийм ч учраас түрэлтэд гадаргатай ус нь тухайн агуулж буй хурдас чулуулгийн найрлагаас шалтгаалж ихээхэн эрдэсжсэн байдаг учраас уул уурхайн зориулалтаар шууд ашиглах боломжтой юм. Энэ түрэлтэд уст давхаргын усыг Зөөвч-Овоо орд битүү эргүүлэх аргаар хаягдал багатайгаар ашиглах юм л даа. Харин чөлөөт гадаргатай уст давхарга нь хур тунадасны усаар тэжээгдэж шингэрч байдаг учраас эрдэсжилт нь түрэлтэд гадаргатай уст давхаргаас бага байдаг. Малчид голчлон энэхүү чөлөөт гадаргатай уст давхаргын усыг хэрэглэдэг. Тоймлоод хэлбэл, Зөөвч-Овоо ураны орд байрлах уст үе нь элс давамгайлсан хурдасд агуулагдах ба дээд, доод талаараа талаараа ус үл нэвчүүлэх шаврын үеэр тусгаарлагдан газрын гадаргаас 150-200 метрийн гүнд байрладаг бол малчдын унд ахуйдаа ашигладаг уст үе нь хур тунадасны усаар тэжээгддэг ихэвчлэн 15-20 метр дэх гар худаг эсвэл 50-60 хүртэлх метр дэх гүн өрмийн худгууд байдаг.
Тэгэхээр ураны орд байрлах уст үе нь элс давамгайлсан хурдасд агуулагдах ба дээд, доод талаараа ус үл нэвчүүлэх шаврын үеэр тусгаарлагддаг тул малчдын унд ахуйдаа ашигладаг уст үетэй холбоогүй юм.
Дорноговийн ай савын газрын доорх усны гидрохимийн найрлагын судалгаа хийж буй үр дүнгээсээ танилцуулбал?
Галба Өөш Долоодын Говийн сав газрын захиргааны тусламжтайгаар Дорноговийн ай савын хэмжээнд Мандах, Сайхандулаан сумд болон Сайншанд сумын Зүүнбаян багт байрлах 30 уст цэгүүдээс сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
Худгуудын усны химийн найрлага нь ихэвчлэн гидрокарбонат, натри ион зонхилсон байна. Ихэнх малчны худагт натри, нийт сорьцолсон усны 77% -д фторын агуулга, 63%-д хүнцэл Монгол Улсын ундны усны стандарт хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Сорьцолсон нийт усны эрдэсжилтийн хэмжээ 306-2208 мг/л, хатуулаг 0.7-14.7 мг-экв/л байв. Торойн хоолой, Бударын үнэгт, Шинэ ус худгуудад ураны агуулга стандарт хэтэрсэн, бусад худгуудад 5-28 µг/л буюу стандартад тохирсон үзүүлэлттэй гарсан.
Мөн Улаанбадрах сумын малчны худгуудаас сонголтоор нийт 30 уст цэгүүдээс сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Ерөнхийдөө худгуудын усны химийн найрлага нь ихэвчлэн сульфат, гидрокарбонат, натри, кальцийн ион зонхилсон байна. Ихэнх худагт натри, фторын агуулга их байна.
Нийт 30 худгаас Түймэрт, Зул хашаат гэсэн 2 худгууд нь шинжилгээ хийсэн элементүүдийн хувьд Монгол Улсын ундны усны стандарт хангасан үзүүлэлттэй байна. Монгол Улсын ундны усны стандартад тохироогүй бусад худгуудад үндсэн элементээс 1- 6 ширхэг нь стандарт хэтэрсэн үзүүлэлттэй байна. Эдгээр элементүүд нь ихэнхдээ натри, фтор ба зарим худгуудад магни, кальци, хлор, сульфат байна. Харин хольц элементүүдээс 1- 4 ширхэг нь стандарт хэтэрсэн үзүүлэлттэй байна. Эдгээр элементүүд нь ихэнхдээ уран, селени зарим худгуудад стронци, хүнцэл, молибден байна.
Үүнээс дүгнэхэд, Дорноговь аймгийн газрын доорх усанд уран, хүнцэл, молибдены өндөр агуулга нэг дор илэрч байгаа талаар зарим судлаачдын хийсэн ажлын үр дүнтэй төстэй байна. Ийнхүү дээрх худгууд дахь зарим нэг элементийн агуулга өндөр байгаа нь уг бүс нутгийн байгалийн тогтоц, тэр дундаа геологийн тогтоц буюу олон сая жилийн өмнөөс газрын доорх ус нь агуулж буй чулуулгаасаа шалтгаалан эрдэс баялгаар баяжсан буюу тухайн эрдэс чулуулагтай харилцан үйлчлэлд орж ирсний улмаас тухайн эрдэсийг өөртөө агуулах болсонтой холбоотой юм.