Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“MONGOLIA MINING 2023” ҮЗЭСГЭЛЭН   НЭЭГДЛЭЭ


 

“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 12 дахь удаагийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм.  Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон Оюу Толгой ХХК ажиллаж байна.  

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах семинарт Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө зэрэг сэдвүүд хөндөгдөх бол хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн асуудлаар салбарын мэргэжилтэнгүүд санал солилцож, олон улсын туршлагаасаа хуваалцах юм. 

Дээрх сэдвүүдийн хүрээнд  ивээн тэтгэгч байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, болон Энэтхэг улсын уул уурхайн яам, Австрали улсын уул уурхайн компаниудын  мэргэжилтэн, төлөөлөгчид илтгэл тавина. Уг нээлттэй арга хэмжээ 3 өдрийн турш зохион байгуулагдана. 

Мongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд уламжлалт ёсоор Майнэкс Монголиа ХХК зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр  “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Грэй Стоун” ХХК ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр“Майнс Ап” ХХК   ажиллаж байна.   

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч  болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилах болно. Мөн Mongolian Mining 2023 үзэсгэлэнд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байгаа бөгөөд тэр дундаа Хятад, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20-иод орны  100-аад  байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм. Онцлон дурдвал Mongolia Mining 2023 үзэсгэлэнд Энэтхэг улсын уул уурхайн яам оролцож байна. Үүнээс гадна манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд өргөнөөр оролцож байна. 
     
Хэвлэл мэдээллийн түншээр  Mining Journal, MiningInsight сэтгүүл, Bloomberg TV Mongolia,  Eagle TV, Монцамэ Агентлаг, МҮОНРТ, Mining.mn, Lemon Press, Live Stream хамтран ажиллаж байна. 

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үйлчилнэ. 
Үзэсгэлэнгийн цагийн хуваарь:

2023.10.03 - 10:00  - 18:00
2023.10.04 - 10:00  - 18:00
2023.10.05 - 10:00  - 16:00


Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнд та бүхнийг урьж байна . 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187