Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Эрдэнэтуяа:  Хариуцлагатай уул уурхайг сурталчилж, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжтэй явуулна

Уул уурхайн 7 хоног

-Бодит байдал дээрээ малчид, орон нутгийн иргэдийн харах өнцөг өөрчлөгдсөн нь үнэхээр олзуурхууштай байлаа-

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

Б.Ариунаа

Уул уурхайн долоо хоног эхлэх гэж байна. Энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс  агуулгын хувьд ямар онцлогтой байх вэ?

Эрдэс баялгийн салбарт маш олон тус тусдаа хурал арга хэмжээ зохион байгуулдаг байсныг нэгтгэж чадсанаараа “Уул уурхайн 7 хоног” өндөр ач холбогдолтой. Ямар ашигт малтмал олборлож байгаагаас үл хамааран хууль эрх зүйн нэгдсэн зохицуулалттай үед тус тусдаа асуудлаа  ярихаас илүү нэгдсэн байдлаар нэг дор цугларч ярилцах нь бодит үр өгөөжтэй юм.

Өнгөрсөн жилийн “Уул уурхайн 7 хоног”-ийн дараа бид олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжтэй явуулсан. Баруун, зүүн, төвийн бүсийн Хариуцлагатай уул уурхайн чуулга уулзалт зохион байгууллаа. Орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдтэй уулзаж, хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтын зөрүүг арилгах, нэгдсэн ойлголтод хүрэх, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Ассоциацийн зүгээс олон нийтэд  хүргэхийг  зориод байгаа гол асуудал маань    орон нутгийн иргэдэд уул уурхайн салбарын талаарх цэгцтэй мэдээлэл өгөх,  нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон юм.  Болохгүй, бүтэхгүй бүхэнд  уул уурхай буруутай гэдэг нэг талыг барьсан мэдээлэл өдийг хүртэл явж ирсэн. Тэгвэл хариуцлагатай уул уурхай, хууль бус олборлогчид хоёрыг ялгаж салгая, зөв цэгцтэй ойлголтыг өгөх нь нэн тэргүүний зорилго байлаа.

Чуулганы энэ жилийн онцлог нь  уул уурхайн  хөрөнгө оруулалтын сэдэв байх болно. Хөрөнгө оруулалтын таатай орчныг Монголд бий болгох, алдсан нэр хүндээ сэргээх гээд олон ажил төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчдыг  олноор урьж байна. Долоо хоногийн турш алт, зэс, нүүрс, геологи, хайгуул, газрын тос гэх мэт салбар хуралдаан  зохион байгуулж,  хөрөнгө оруулагчид өөрсдийн сонирхсон салбарынхаа өдөр ирж оролцох боломжийг бүрдүүлсэн.  

Бүс нутгуудад зохион байгуулж байгаа Хариуцлагатай уул уурхайн чуулга уулзалтын үеэр яригдсан гол асуудал юу байсан бол? 

Хамгийн гол нь мэдээллийн тэнцвэртэй байдал хангагдаж байна. Нэг талыг барьсан, харлуулсан мэдээлэл л явдаг байлаа шүү дээ. Уул уурхай л усыг хэрэглэдэг, уул уурхай л бэлчээрийг талхалж байна гэдэг буруу ташаа мэдээлэл их тархсан. Иргэдтэй уулзаад бодит байдлын талаар тооцоо судалгаатай мэдээлэл өгөөд ирэхээр “Одоо яах вэ?” цаашдаа ямар арга хэмжээ авбал илүү тохиромжтой вэ? гэдэг талаар санал бодлоо солилцож ойлголцолд хүрч байна. Бодит байдал дээрээ малчид, орон нутгийн иргэдийн харах өнцөг өөрчлөгдсөн нь үнэхээр олзуурхууштай байлаа.

Гаднын хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн арваад жил эрчимтэй  буурсан дүр зураг харагддаг. “Уул уурхайн 7 хоног”-оос бодитой ямар үр дүн хүлээж байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жил  огцом буурсан харамсалтай дүр зураг бий. Нөлөөлсөн маш олон хүчин зүйл байга. Хамгийн гол нь хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал.         

Нөгөө талаас бид өрсөлдөөн дундаас хөрөнгө оруулалт орж ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа үйл ажиллагааг нь тогтвортой, найдвартай эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Хөрөнгө оруулагчдын олон жилийн  үйл ажиллагааны үр дүнд бодит ажил харагддаг.

Одоогоор шууд хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэж хэлэхэд хэцүү байна. Алдсан нэр хүндээ сэргээх, найдвартай түнш байхын тулд хүчин чармайлт их гарна. Дараа нь дотооддоо ярих асуудлаа холбооны зүгээс Ажлын хэсгийн хороонд танилцуулж цаашлаад хууль тогтоомжид тусгах талаар ажиллана.  Эерэг үр дүн гарна гэж харж байна. Хамгийн гол нь одоо байгаа хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа тогтвортой байж гэмээнэ дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголд орж ирнэ.

Дэлхий дээр Монгол л экспортлоод байгаа юм биш шүү дээ. Нийтдээ 13 мянган төсөл олон улсад хэрэгжиж, 70 гаруй төрлийн эрдсийн бүтээгдэхүүн худалдаалж байна. Манайх зөвхөн 8  нэр төрлийн эрдсийн бүтээгдэхүүн л нийлүүлдэг.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 90 гаруй хууль тогтоомжийг уул уурхайн салбарт дагаж мөрдөж байна гэсэн статистик  мэдээлэл байна.

Хууль ярихаар ганцхан Ашигт малтмалын тухай хуулийг л дагаж мөрддөг юм шиг ойлгодог. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 853 хууль байгаагаас  98 орчим хууль нь манай салбартай хамааралтай. Үүнээс нийтээр дагаж мөрдөх 20, уул уурхайн 10, дэд бүтцийн 13, байгаль орчны 19, эрүүл мэнд 8, хөдөлмөр харилцааны 3, аюулгүй байдлын 4, санхүү эдийн засгийн 15 орчим хуулийг дагаж мөрдөж байна. Энэ бүгд нийлж байж хууль  эрх зүйн орчин бүрдэнэ. Зөвхөн хуулиар хязгаарлагдаж байна уу, гэвэл үгүй. Дагаж мөрдөх тогтоолууд, сайдын тушаал, төрийн байгууллагын журмууд, орон нутгийн удирдлагуудын гаргасан тушаал, стандартууд гээд 98 хуулийн 1500 орчим зүйл заалт  уул уурхайн салбарынханд хамааралтай.

Энэ бүгдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах нь   тулгамдсан асуудал болоод байна.

Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын хувьд хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, банкуудын тавьж байгаа шаардлагууд нэмэгддэг. Олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг бас бий. Энэ бүхэн нийлж байж бид салбарын хууль эрх зүйн орчныг ярих хэрэгтэй болно. Багагүй олон шаардлагын дунд хэрэгжилтийг хангаж ажилладаг салбар бол уул уурхайн салбар.

Зөвхөн хуулийн хэрэгжилтээс гадна зөвшөөрөл авах, төрийн байгууллагаас үйлчилгээ авах гээд маш олон  шат дамжлагатай тулгардаг байх?

Ассоциацийн зүгээс хуулийн шаардлага дээр үндэслээд зөвшөөрлийн зураглал гаргасан. Төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа бүх цаасыг зөвшөөрөл гээд ойлгодог болсон. Олгож байгаа нь ч, авч байгаа нь ч тэр. Гэтэл А лиценз гээд ганцхан зөвшөөрөл байдаг. Бусад нь төлөвлөгөө, тайлан, дүрэм, журам, акт, гэрээ. Эдгээр нь төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа баримт бичгүүд шүү дээ.

Хайгуул, төслийн бүтээн байгуулалт, олборлолт, хаалт гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээс уул уурхайн салбар хамаардаг. Хайгуулын хувьд 30 орчим төрлийн баримт бичиг бүрдүүлддэг. Үүнээс төслийн бүтээн байгуулалт руу шилжихдээ маш олон бичиг бүрдүүлдэг. Жишээ нь 500 хүнтэй алтны үндсэн ордын зөвшөөрөл авъя гэхэд 287 орчим баримт бүрдүүлж байна. Энэ хугацааг хамгийн богино байлгах гэж хөрөнгө оруулагчид зорьдог. Гэтэл энэ бүх зөвшөөрөл хуулийн заасан хугацаандаа шууд   гарна гэж тооцвол  бүтэн 2 жил болно.

Ассоциаци энэ уялдаа холбоог хэрхэн хангаж байна вэ?

Өнөөдөр Монголд зөвхөн хуульч л бэлтгээд байгаа боловч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг боловсон хүчний асуудал орхигдсон.  Тэгэхээр энэ олон хууль тогтоомжийн уялдаа холбоог мэддэг хүн бараг байхгүй болохоор  хаа нэг газар нь үл ойлголцол үүсээд байна. Асуудал ердөө л энэ.

Хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх талаар их ярьж бичиж байна. Ялгаа нь юундаа байна вэ?

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Алсын хараа-2050, Засгийн газрын бодлогын баримт бичиг Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг баримт бичгүүдэд хариуцлагатай уул уурхайг дэмжинэ гэсэн зүйл заалт нэлээд бий. Тэгвэл хариуцлагатай уул уурхай гэж юу юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ямар шалгуур үзүүлэлтээр хариуцлагатай гэсэн үнэлэлт өгөх вэ?

Уул уурхайн үндэсний ассоциациас уул уурхайн кодексыг боловсруулан гаргасан.  Хариуцлагатай уул уурхайн томъёоллоо тодорхойлсон. Уурхайг ашигласнаар улс орны хөгжилд   нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээг хариуцлагатай уул уурхай гэнэ. 

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани холбогдох хууль тогтоомжийн дагуу бүх зөвшөөрлөө аваад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байвал тэр хариуцлагатай уул уурхай. Харин үүний алийг нь ч хэрэгжүүлдэггүй хууль бус олборлогчдыг уул уурхай гэж үзэхгүй.

Хариуцлагагүй уул уурхайн хувьд тухайн эздэд нь л үр өгөөжтэй байгаад байдаг. Улс эх оронд ч юм уу, тухайн бүс нутагт ч юм уу ямар ч үр өгөөжгүй. Зөвхөн цаасан дээр л ажил нь яваад байдаг компаниудыг хэлээд байгаа юм.

Нэмж хэдэн компани кодексжүүлэлтэд хамрагдсан бол?  

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олборлолт, хайгуул, оператор, ханган нийлүүлэгч аж ахуй нэгжүүд шинээр нэлээд хамрагдаж байна. Кодексийн үндсэн зорилго нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх явдал. Хамрах хүрээний хувьд компанийн сайн засаглал ба ил тод байдал, хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоог хангаж байгаа компани хамрагдаж  байгаа болохоор манай салбарын шалгуур үзүүлэлт мөн. Одоогоор 38 компани кодекст нэгдээд байна.

Энэ дундаас уул уурхайн салбарын нөлөөллийн тухай ярихаар ус ашиглалтын талаар ярих хэрэгтэй болдог. Нийт ус ашиглалтын 59% ХАА, 13% уул уурхай, 28% бусад салбар эзэлдэг гэсэн судалгаа бий.  Уул уурхайн салбарын давуу тал нь усыг дахин ашигладаг. Саарал ус ашиглалтын хэмжээг жилээс жилд нэмэхээр зорьж  байна. Техник технологи хурдацтай хөгжиж сайжирч шинэчлэгдэж байна. Үүнийг  дагаад ус дахин ашиглалтын хувь хэмжээ нэмэгдэж байна.  Нийт газар нутгийн 70 орчим хувийг ХАА, ойн сан бүхий газар 70, уул уурхай 3,8 хувийг эзэлж байна. Нийт уурхай ашиглаж байгаа эдэлбэр газрын хэмжээгээр харах юм бол  0,25 хувийг уул уурхайн салбарт ашиглаж байна   гэсэн тооцоолол бий. Түүнээс нийт газар нутгийн 3,8 хувь бол цаасан дээр байгаа тоо юм.

Иймд энэ салбарын үйл ажиллагааг тогтвортой, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байлгая, үнэн зөв мэдээлэлтэй болгоё, нэгдсэн нэг ойлголтод хүрэхэд анхаарлаа илүү чиглүүлж ажиллах шаардлага бий болоод байна.

 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.119.63)
    Уул уурхайг мэддэг эмэгтэй шүү малчид зөв ойлголттой болоход маш өндөр үүрэг гүйцэтгэсэн баярлалаа.
    2023 оны 10 сарын 08 | Хариулах
  • Independenvece (103.212.117.245)
    хөрөнгө оруулсан гадаадууд үгээ хэлдэг зовлонтой улсад хэн хөрөнгөө оруулах вэ дээ. ялангуяа энэ дорнодынхон канадуудын махын идээд олон жил болж байна. ер нь энэ ороо бусгаа цаг үед бид нар чинь 3хан саяуулаа тусгаар тогтнолоо алдаад наад хайрлаад байгаа баялгыг чинь хятадууд эзэмшээд дараагын 100 жил ашиглаад дуусна дөө. Өөрсдөө амжиж идэж уугаад улсаа хүчирхэг болгохоо мэддэггүй мулгуу байна. Шатар нүүж сурцаа Монголчуудаа
    2023 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (86.5.57.10)
    MATD has spent millions of pounds. It has finally found oil but has been waiting for 5 years and still waiting to be able to extract the oil. MATD has explotation license, special license but still need local permit to get the oil out. Not very friendly situation by Mongolias!
    2023 оны 10 сарын 04 | Хариулах