Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

850 сая ам.долларын шинэ зам ашиглалтад орсноор Конгогийн зэсийн экспорт хурдасна

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зэс, кобальтын уурхайг Замбигийн нутаг дэвсгэрээр нь дамжин Зүүн Африкийн боомттой холбох 850 сая долларын өртөгтэй авто замын төсөл одоо ашиглагдаж буй замаас 150 гаруй миль богиносно гэж уг төслийг хэрэгжүүлж буй компани мэдэгдэв.

Конго, Замби улсын ерөнхийлөгч нар өнгөрсөн даваа гаригт хоёр улсыг зааглаж буй Луапула гол дээгүүрх 345 метрийн гүүрийг барих хэсэгт шав тавьлаа.

Унгарын барилгын Duna Aszfalt Zrt компаний дэмжлэгтэйгээр Маврики улсад төвтэй "GED Africa" компани уг замыг барих юм. Бүтээн байгуулалтын ажил борооны улирал дуусмагц эхлэх бөгөөд нийт гурван жилийн хугацаанд барьж дуусгах аж. Уг төслийн хүрээнд Замби, Конго хоёрыг холбосон хилийн боомтууд, төлбөр хураах цэгүүдийг барих юм байна.

Уул уурхайн компаниуд Африкийн ашигт малтмалын хамгийн том олборлогч болох Конго улс дахь зэс, кобальтын уурхайнуудад бараа бүтээгдэхүүнээ хүргэх, ашигт малтмалаа гадагшаа экспортлох гэж хүндрэлтэй тулгардаг. Тиймээс энэ зам нь замын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна. Хилийн боомтын бөглөрөл, эвдэрхий зам зэргээс шалтгаалан одоо байгаа маршрутаар аялахад сар гаруйн хугацаа зарцуулдаг. Цаашид эрчим хүчний шилжилттэй холбоотой чухал металлуудын олборлолт нэмэгдэх тусам тээвэрлэлтийн асуудал улам хүндрэх төлөвтэй байгаа.

"Бүс нутгаас олборлож буй зэс, кобальт, лити болон бусад ашигт малтмал нь сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж GED хэлэв. "Ногоон эрчим хүчний шилжилт нь ашигт малтмалын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээ нэмэгдэх хэрээр авто замыг шинэчлэх нь тулгамдсан асуудалд болоод байна." гэжээ.

184 километр хурдны замыг шинэчлэн барьж байгуулснаар Конго улсын Лубумбаши хотоос зорчиж буй ачааны автомашинууд Танзанийн Дар-эс-Салам боомтод илүү хурдан хүрэх боломжтой болно.

GED нь Худалдаа хөгжлийн банк болон Африкийн санхүүгийн корпорацитай санхүүжилтийн асуудлаар ярилцаж байгаа гэж мэдэгдэв. Уг замын бүтээн байгуулалтыг 70%-ийн зээл, 30%-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна.