Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОРИКА МОНГОЛИА ХХК & МЕРА СЕРВИС ХХК

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙД АНХНЫ ЦАХИМ ТЭСЛҮҮР АШИГЛАСАН ТЭСЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худаг уурхайд Орика компанийн i-kon™ III цахим тэсэлгээний систем ашиглан, нийт 239 цооногтой талбайг 896 ширхэг i-kon™ III тэслүүр ашиглан цэнэглэж, тэсэллээ. Цооног бүрд давхар цэнэг хийж цэнэглэсэн. Цооногийн цэнэгийн жин болон байрлалыг нүүрсний судал хөрстэй холилдохоос сэргийлэх, тэсэлгээгээр үүсэх чичирхийлэл хамгийн бага байхаар тооцож төлөвлөсөн. Өдрийн 13 цагт тэсэлгээнд гал өгч, цэнэглэсэн талбайг амжилттай тэсэлсэн.

i-kon™ системийг дэлхий даяар 25 жилийн турш ашиглаж байна. i-kon™ III нь цахим тэслүүрийн хамгийн сүүлийн үеийн хувилбар ба Орика компанийн өнөөг хүртэл хөгжүүлсэн хамгийн боловсронгуй Цахим Тэсэлгээний Систем юм.

i-kon™ III тэслүүр нь ±0.01% нарийвчлалтай бөгөөд 0мс-ээс 30,000мс-ийн хооронд 1мс-ийн алхамтайгаар хором удаашралыг программчлах боломжтой. Энэхүү тохиргоо нь хэрэглэгч тухайн уурхайн уул геологийн нөхцөлд тохирсон хамгийн оновчтой хором удааш ралын хугацааг сонгох боломж олгодог. Цооног хоорондын хором удаашралыг оновчтой сонгосноор чулуулгийн бутлагдлыг сайжруулж, нүүрсний холилдолт болон алдагдлыг бууруулж, уурхайн ажлын болон эцсийн хананы эвдрэл, нуралтыг багасгах болон тэсэлгээнээс үүсэх чичирхийллийг бууруулдаг байна.

i-kon™ цахим тэслүүр ашиглан тэсэлгээ хийх үед цооногт байрлах бүх тэслүүр галын дохиог нэг агшинд зэрэг хүлээн авдаг. Энэ нь тэсэлгээний үед чулуулгийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэн холболт тасарч, цэнэг баарах эрсдэлийг бүрэн арилгадаг. Мөн i-kon™ цахим тэсэлгээний системийн хувьд нонел системтэй адил ‘тасрах, харвах, тэсрэх’ аюул байхгүй тул тэсэлгээний талбай дээр төлөвлөөгүй гэнэтийн тэсрэлт болох эрсдэлийг бууруулдаг. Энэ нь тэсэлгээний талбай дээрх аюулгүй ажиллагааг сайжруулаад зогсохгүй уурхайн ажилтнуудын аюулгүй байдлыг хангадаг.

i-kon™ III тэслүүрүүд нь i-kon™ Log ger II болон Blaster 3000-тай нэгдмэл цул болж ажиллах бөгөөд тэсэлгээний ажил гүйцэтгэхэд зориулсан хамгийн шилдэг шийдэл юм. 500 тэслүүр бүртгэх хүчин чадал бүхий Logger II болон алсын зайнаас тэсэлгээнд гал өгөх чадамжтай Blaster 3000 ийн нэгдэл нь тэсэлгээний ажлыг гүйцэтгэх уян хатан боломж олгосноор тэсэлгээний үед ажилтнуудын аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлдэг.

Орика Монголиа ХХК нь гүний уурхай болон ил уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор Оюу Толгойн уурхайд i-kon™ III цахим системийг нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү дэвшилтэд технологийг Монгол Улсын уул уурхайн салбарт нэвтрүүлсэн Орика Монголиа компанийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2021 оны “Шилдэг Технологи Нэвтрүүлэгч – 2021” хэмээн өргөмжилсөн билээ.

Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худаг уурхайд гүйцэтгэсэн туршилтын тэсэлгээ нь шинэ технологи болон бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийг ахиулахаар ажиллаж буй Орика Монголиа компанийн бас нэгэн жишээ юм.

Энэхүү туршилтын тэсэлгээний хүрээнд Мера Сервис ХХК болон Энержи Ресурс ХХК ийн ажилтнуудыг i-kon™ III системийг ашиглах сургалтад хамруулсан. Мөн Орика компанийн ShotPlus программыг ашиглан цооногийн тэсрэх дарааллыг оновчлох, төлөвлөх сургалт хийгдсэн.SHOTPlus™ тэсэлгээний загварчлал, төлөвлөлтийн программ нь хэрэглэгчдэд өрөмдлөг тэсэлгээний блокийг загварчлан харах, анализ хийх, цооног цэнэглэх загвар зохиох, тэсэлгээний блок дахь цооногийн тэсрэх дарааллыг төлөвлөх зэрэг олон боломж олгох бөгөөд тэсэлгээний төлөвлөлт болон загвар дизайныг оновчлоход тус дэмжлэг болдог.

Уг туршилтын тэсэлгээний цооног хоорондын хором удаашралын хугацаа болон цооногийн тэсрэх дарааллыг Энержи Ресурс ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний баг боловсруулсан. Тухайн дизайныг SHOTPlus™ программ руу хөрвүүлж, i-kon™ Logger (логгер) -т татаж авахад Орика Монголиа ХХК-ийн инженерийн баг туслалцаа үзүүлсэн. Өдөөлтийн дизайныг шууд i-kon™ систем рүү хуулж авч болдог нь талбай дээр алдаа гарах магадлалыг бууруулж, тэсэлгээний холболт нь төлөвлөсөн дизайны дагуу алдаагүй байгаа эсэхийг баталгаажуулдаг.

Цэнэглэсэн цооногуудын тэсрэх дараалал болон хором удаашралын хугацааг i-kon logger ашиглан бүртгэх ажлыг Мера Сервис ХХК-ийн тэсэлгээний баг Орикагийн инженерүүдийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн. i-kon™ Logger (логгер) нь аюулгүй байдлыг маш сайн хангасан төхөөрөмж бөгөөд бага хүчдэлээр ажилладаг тул тэсэлгээнд гал өгөхийн өмнө тэслүүрүүдийг шалгах болон тэсэлгээний талбай дээр цооногийн цэнэгийн тэсрэх дараалал болон хором удаашралын хугацааг бүртгэх үед тэслүүрийг санамсаргүй өдөөх эрсдэл байхгүй.

Тэсэлгээнд тэслүүрүүд гал өгөхийн хэлхээнд өмнө холбогдсон эсэхийгшалгах боломж олгодог нь бүх тэслүүр хэлхээнд бүрэн холбогдсон эсэхийг баталгаажуулж, тэсэлгээнд гал өгөхөд дохио бүх тэслүүрүүдэд очих нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

i-kon™ мэдээллийг Logger (логгер)-ийн тэсэлгээний талбайг цэнэглэхэд ашигласан бүх тэслүүрүүд амжилттай программчлагдсан эсэхийг баталгаажуулахад ашиглаж болно. Ингэснээр цооног холбогдоогүй үлдсэн эсэхийг мэдэж цэнэг баарах эрсдэлийг арилгадаг.

Алсын зайнаас тэсэлгээнд гал өгөх зориулалттай Blaster 3000 төхөөрөмж нь гал дамжуулах утас татахгүйгээр аюулгүй зайнд гарч, тэсэлгээнд гал өгөх боломжийг олгодог. Алсын удирдлагатай төхөөрөмж ашиглан тэсэлгээнд гал өгөх нь тэсэлгээний багийн ажилтнуудын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ цаг хугацаа болон зардлыг ихээхэн хэмнэдэг байна.

Орикагийн шинэ технологи болон тэсэлгээний арга техникийг Монголын уул уурхайн салбарт тасралтгүй нэвтрүүлж буй нь тус компанийн алсын харааг илтгэнэ. Орика компани нь уул уурхай,дэд бүтцийн салбарт оновчтой шийдэл санал болгодог дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл , уул уурхайн химийн бодис болон геотехникийн хяналтын систем ханган нийлүүлэлтээс авхуулаад хамгийн сүүлийн үеийн дижитал шийдэл, цогц үйлчилгээ гэх зэргээр Орика дэлхийн байгалийн нөөцийг тогтвортойгоор эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж байна. Орика компанийн стратеги нь шилдэг технологи, оновчтой шийдлийг дэлхий даяарх үйлчлүүлэгчдэдээ хүргэж тэдний үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Иймээс аюулгүй ажиллагаа, хүндлэл, эв нэгдэл, шударга байдал ба манлайлалд анхаарахын зэрэгцээ ухаалаг шийдэл, үр ашигтай үйл ажиллагаа ба хөгжил дэвшлийн төлөөх хамтын ажиллагааны замаар энэхүү зорилгодоо хүрэхээр эрмэлзэж байна.

i-kon™ III систем Монголын нүүрсний уурхайн зах зээлд нэвтэрснээр Монголын уул уурхайн хөгжлийг улам хурдасгахад тус дэм болох болно. Орикагийн бусад технологиуд болох цооног хэмжилтийн болон цэнэглэлтийн бодит хугацааны мэдээллийг бүртгэж, дамжуулаг BlastIQ™ Control, тэслэгдсэн чулуулгийн бутлагдлыг автоматаар хэмжигч FRAG Track™, тэсэлгээний блок дахь чулуулгийн шилжилтийг урьдчилан таамаглах OREPro™ 3D, WebGen™ 200 Утасгүй Өдөөлтийн Систем зэргээр Орика Монголиа ХХК нь Монголын тэсэлгээний салбарыг шилдэг туршлага, инновацын түвшинд тэргүүлэгч болоход тасралтгүй дэмжлэг үзүүлж, Монгол хүмүүсийн ур чадварыг дэлхийд таниулахыг зорьж байна.

 

 www.orica.com