Хятадын гол ашигт малтмалын эрэлт хэрэгцээ "хурдтай" өсч байна гэж Голдман Сакс банк саяхан тэмдэглэлээ.
Тус банкны ажигласнаар Хятадын зэсийн эрэлт өмнөх оны мөн үеэс 8%-иар, төмрийн хүдэр, газрын тосны эрэлт 7 болон 6%-иар тус тус өссөн байна.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай хэвээр байгаа ч энэ жил тус улсын ногоон эдийн засгийн өсөлт маш хүчтэй байгаа. Тиймээс эрчим хүчний шилжилттэй холбоотой зэс зэрэг чухал металлын эрэлт нэмэгдэж байна гэж Голдман Сакс мэдэгдлээ. Голдман Саксын эдийн засагчид Хятадын зэсийн эрэлтийг голдуу нарны станцын бүтээн байгуулалттай холбоотой гэж тайлбарласан. 2023 онд суурилуулсан бүх нарны станцуудын хүчин чадал "өмнөх жилүүдэд байгуулсан бүх станцуудтай тэнцэнэ".
Хятадын нарны эрчим хүчний хүчин чадал 228 ГВт-д хүрч, дэлхийн бусад орнуудын нийт хүчин чадлаас давсан гэж Global Energy Monitor ТББ 6-р сарын тайланд дурджээ. 2030 оны зорилтдоо хүрэхээс 5 жилийн өмнө Хятадын салхи, нарны нийт хүчин чадал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Хятадын зэсийн эрэлт өнгөрсөн 7-р сард өмнөх оныхоос 71%-иар өссөн гэж Голдман Сакс бичжээ. Ийнхүү аж үйлдвэрлэлийн салбар сэргэж байгаа нь хөнгөн цагаан зэрэг үндсэн металлын эрэлтийг мөн нэмэгдүүлж байна. Түүнчлэн аж үйлдвэрийн салбар 8-р сард өмнөх оныхоос 4.5%-иар өссөн нь 3.9%-иар өснө гэж өмнө дэвшүүлсэн таамаглалаас давлаа. Мөн энэ салбарын хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг жилийн өмнөхөөс 5.4%-иар өссөн байна.
Голдман Сакс эдгээр металлын эрэлтийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна гэж таамаглаж байна.
Тээвэр зэрэг газрын тос ихээхэн хэрэглэдэг салбарууд сэргэж байгаагийн үр дүнд Хятадын нефтийн эрэлт мөн нэмэгдэж байна.
БНХАУ-ын макро эдийн засаг өргөн хямралтай тулгарч байгаа ч түүхий эдийн эрэлт нэмэгдэж байна.
Саяхан Хятадын Ардын банк мөнгөний макро бодлогоо эрчимжүүлж, зээл олголтоо тогтвортой өргөжүүлж, хангалттай ликвид хөрөнгөтэй байхыг мэдэгдэв.