Өнгөрсөн онд 14 улсын Засгийн газар эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийг (MSP) байгуулсан. Уг түншлэл нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтын хүрээнд лити, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын нийлүүлэлтийг хангахыг зорьж байгаа.
АНУ-ын Төрийн департаментын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Жозе Фернандес Лондонд болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид одоо таван тивд уул уурхайн 15 төслийг судалж байна" гэж мэдэгдэв.
MSP ирэх долоо хоногт Лондонгийн металлын биржийн (LME) долоо хоногийн салбарын уулзалтын үед уулзана. MSP түншлэл нь хувийн компаниудын хоорондын хэлцлийг хөнгөвчлөх, мөн худалдааны банкуудаар дамжуулан санхүүжилт авахад туслах зорилготой гэж Фернандес хэллээ.
MSP-ийн бусад гишүүдийн тоонд Европын холбоо, Канад, Австрали, Франц, Герман, Итали, Швед, Финланд, Норвеги, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улсууд ордог юм.
Фернандес Их Британид олборлосон эсвэл боловсруулсан чухал ашигт малтмалыг АНУ-ын цэвэр автомашины татварын хөнгөлөлтөд хамруулах тухай хэлэлцээрийг АНУ батална гэдэгт итгэлтэй байна гэжээ.
ЕХ-той тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Фернандес илэрхийлсэн. Вашингтон 3-р сард Японтой ашигт малтмалын гэрээ байгуулсан.
АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хуулийн дагуу цахилгаан батарейны чухал ашигт малтмалын тодорхой хувийг АНУ эсвэл чөлөөт худалдааны түншээс нийлүүлсэн тохиолдолд АНУ-аас худалдаж авсан цахилгаан автомашинд 7500 долларын татварын хөнгөлөлт үзүүлдэг.