Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ Венесуэлийн газрын тосны экспортын хоригийг түр зуур цуцлах шийдвэр гаргалаа

Николас Мадурогийн засгийн газар сөрөг хүчнийхэнтэй ирэх жил сонгууль явуулах тохиролцоонд хүрсний дараа АНУ Венесуэлийн нефтийн салбарт тавьсан хоригоо цуцаллаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулах нь Вашингтоны зүгээс тавьсан хориг арга хэмжээг цуцлах гол нөхцөл байсан юм. Хоригийг зөөлрүүлсний үр дүнд Венесуэлийн газрын тосны олборлолт 25%-иар өснө гэж шинжээчид таамаглаж байна.

Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайд Брайан Нелсон "Венесуэлийн сөрөг хүчин болох Нэгдсэн платформ нь Мадурогийн төлөөлөгчидтэй хамтран сонгууль зохион байгуулах тохиролцоог АНУ дэмжиж байна" гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв.

"Венесуэлд ардчилсан үйл явдлууд өрнөж буй тул АНУ-ын хориг арга хэмжээ авах бодлогын хүрээнд АНУ-ын Сангийн яам Венесуэлийн газрын тос, байгалийн хий болон алтны салбартай холбоотой санхүүгийн гүйлгээ хийхийг зөвшөөрч, хоёрдогч арилжаанд тавьсан хоригийг цуцаллаа " гэж тэрбээр нэмж хэллээ.

Мэдэгдэлд "Мадурогийн төлөөлөгчид" сонгуультай холбоотой амлалтуудаа биелүүлэхгүй бол шинээр олгосон гэрчилгээний аль нэгийг эсвэл бүгдийг нь хүчингүй болгоно гэж Сангийн яам санууллаа.

АНУ өнгөрсөн жил Мадурогийн дэглэмээс ямар нэгэн амлалт нэхэхгүй, Chevron компанид Венесуэлд ажиллах  зөвшөөрөл олгосон нь хоригийг сулруулах чиглэлд хийсэн хамгийн том алхам байлаа. Учир нь тэр үед Оросын түүхий нефтийн импортыг Венесуэлийн хүнд нефтээр яаралтай солих шаардлагатай байсан билээ.

Зөвшөөрөл нь Венесуэлийн нефть, байгалийн хий олборлодог төрийн компанитай (PDVSA) холбоотой санхүүгийн гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж буй бөгөөд Венесуэлийн нефтийн экспортыг сэргээхэд маш том дэмжлэг үзүүлж байна.

Венесуэлийн түүхий нефтийн экспорт өнгөрсөн сард өдөрт 800,000 баррель хүрсэн. Энэ нь 2023 оны экспортын хоёр дахь дээд үзүүлэлт боллоо. Венесулийн экспортын дийлэнх нь Хятад руу гарсан гэж Ройтерс агентлаг 10-р сарын эхээр мэдээлсэн.

 

Экспортын өсөлт нь гол төлөв Венесуэлийн газрын тосны нөөц ихтэй Ориноко бүс дэх үйлдвэрлэл сэргэсэнтэй холбоотой юм.

 

 

Линк: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/US-Lifts-Venezuela-Oil-Sanctions-For-Six-Months.html 

Огноо: 2023/10/19

Эх сурвалж: oilprice.com