Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс бал чулууны экспортоо хязгаарлаж байна

БЭЭЖИН. (Ройтерс) - Хятад улс үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд зарим бал чулуун бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл шаардана гэж баасан гарагт (10-р сарын 20) мэдэгдлээ. Хятад бол Дэлхийн бал чулууны тэргүүн үйлдвэрлэгч болон экспортлогч. Үүний зэрэгцээ Дэлхийн бараг бүх цахилгаан батарейны анодод хэрэглэгддэг бал чулууны 90 гаруй хувийг Хятад улс цэвэршүүлдэг.

“Alkemy Capital Investments” компанийн ахлах ажилтан Киен Хуйнх “Хятадын бал чулуутай холбоотой энэхүү гэнэтийн шийдвэр нь биднийг гайхшрууллаа” гэж хэлэв. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинууд татаас авч, шударга бусаар ашиг хүртэж байна гэсэн шалтгаанаар Европын холбоо татвар ногдуулахаар хэлэлцэж байна. Мөн АНУ-ын Засгийн газар хагас дамжуулагч авах хүсэлтэй Хятадын компаниудад тавьсан хязгаарлалтыг өргөжүүлэв. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газар “Nvidia”-ийн бүтээсэн илүү дэвшилтэт хиймэл оюун ухааны чипүүдийн борлуулалтыг зогсоож чадсан.

Хятадын бал чулууны экспортын хязгаарлалт нь чип үйлдвэрлэхэд ашигладаг галли, германий гэсэн хоёр металлд 8 дугаар сарын 1-нээс хойш ноогдуулсан хоригтой адил юм. Хязгаарлалтын улмаас уг металлын экспорт буурч, бусад орнуудад бал чулууны үнэ өслөө.

Ийм шийдвэр гарсны дараа гадаадын уул уурхайн компаниуд бал чулуу олборлох төслүүдээ эрчимжүүлсэн байна. Бал чулууг орлох өөр ашигт малтмал хайх судалгааны ажлууд ч мөн нэмэгдэх төлөвтэй.

Бал чулуутай холбоотой уг алхмууд “Дэлхийн нийлүүлэлтийн болон аж үйлдвэрийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдалд эергээр нөлөөлнө. Хятадын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахад ч хэрэгтэй” гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв.

Энэ шийдвэр тодорхой аль нэгэн улс руу чиглээгүй гэж тус яам нэмж хэллээ. Хятадын гаалийн мэдээгээр тус улсаас бал чулуу хамгийн их худалдан авдаг улсуудын тоонд Япон, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос ордог.