“Нээлттэй нийгэм форум” өнөөдөр “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яамны төсвийн зарлагын зөвлөх Т.Батсүх оролцож, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагыг хэрхэн төлөвлөснийг танилцуулав. Тэрээр “Ирэх онд эдийн засагт тодорхой сэргэлт гарч, төсвийн орлого нэмэгдэнэ гэж Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам тооцсон. Ялангуяа уул уурхайн салбараас орох орлого нэмэгдэнэ. Ирэх оны байдлаар эдийн засгийн өсөлт 7 орчим хувь байна гэсэн өөдрөг тооцоо гаргасан. Ирэх онд төсвийн орлого 27.2 их наяд, ДНБ 6.7 хувьд хүрэхээр байгаа” гэж онцоллоо.
Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Т.Хонгор 2024 онд улсын төсвөөр хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэв. Үндэсний аудитын газрын аудитын менежер Л.Мөнхцацрал 2024 оны төсвийн төсөлд ҮАГ-аас өгсөн дүгнэлтийг танилцуулав. Тэрээр “Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт бүрэн нийцэж байна. Гэсэн ч улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй бүрэн уялдаагүй байна. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр татварын орлого, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өөдрөгөөр төсөөлжээ. Гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр төсвийн орлого тасарвал төсвийн алдагдал үүсэх эрсдэлтэй. Ингэсээр төсөвт дахин тодотгол хийх эрсдэл үүсгэж байна” гэж дүгнэсэн гэлээ.