Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Үсрэнгүй технологи ба  үгүйлэгдэж буй бодлого

Б.Ариунаа

Арван жил дамнан яригдаж буй зэс хайлуулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг мега төслүүдийн зэрэгцээ  жижиг ч атугай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэрлэлийн суурийг тавих  цаг үе нэгэнт иржээ.

Дэлхийн улс орнууд  ногоон шийдэл бүхий технологид анхаарлаа хандуулж,   түүнд тулгуурлан ирээдүйд нэмэгдэх  зэсийн эрэлтийг тооцоолон зах зээлд ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж буй энэ цаг үед Монгол Улс түүхий эдээ гадагш зөөсөн жижиг экспортлогч бус, харин нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн үйлдвэрлэлийг   хөгжүүлэх алсын хараа, нэгдсэн  бодлого үгүйлэгдэж байна.

АНУ-ын Засгийн газар 11 тэрбум тонны нөөц бүхий  6 том зэсийн төслийн үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ирээдүйд үр ашиг нь одоогийнхоос хэд дахин өсч, эдийн засгийн үр өгөөжөө өгөх нь тодорхой эрдсийн энэхүү  бүтээгдэхүүнийг   АНУ ийнхүү  “үүцэлжээ”.  Энэ мэтчилэн дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн эрдэс баялгийн салбартаа баримтлах бодлого    гэрлийн хурдаар өөрчлөгдөж буй нь тодорхой  болов. Харин зэсийн батлагдсан нөөцөөрөө   дэлхийд эхний тавд бичигддэг Монгол Улс энэ салбарт ямар бодлого баримталж байна вэ?

Дэлхийн   уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хүндрэл, хурдацтай хөгжиж буй технологийн  дэвшлийн энэ цаг үед  Засгийн газрын амлалтууд  чулуун нүүрснээс татгалзах, эрчим хүчний шилжилт хийх зэрэг ногоон   шийдлийн    сорилтуудтай байнга  тулгарч байна. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, түүнээс ангид байх амлалтаа биелүүлэхийн  тулд улс орнууд  сэргээгдэх эрчим  хүчийг илүү  дэмжих бодлого баримталж байна.  Мөн  хөрөнгө оруулалтын тэргүүлэх компаниуд   ч  цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх, энэхүү салбарт хөрөнгө оруулах  сонирхлоо илэрхийлэх болов.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх үндсэн түүхий эд зэс байх нь тодорхой.  Тиймээс ногоон хөгжлийн ирээдүйг зэс тодорхойлж,  эрдэс баялгийн салбарыг ойрын хэдэн арван жилдээ өнгөлсөн хэвээр байх нь. 

Ногоон хөгжил эрчимжихийн хэрээр гол түүхий эд зэсийн эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөж,  2035 он гэхэд зэсийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээнээсээ 1.5 сая тонноор бага байх төлөв ажиглагдаж буй талаар  S&P Global болон Goldman Sachs зэрэг   судалгааны байгууллагууд тайландаа дурджээ.  Энэ  нь одоогийн  хэрэглээтэй харьцуулбал 600%-иар өссөн үзүүлэлт  юм. 

Мөн эрдсийн шинжээчдийн тооцоолж буйгаар   ирэх арван жилд  дэлхий даяар зэсийн эрэлт 50 сая тоннд  хүрэх аж.

Монгол орны газар зүйн тогтоц, жилийн дөрвөн улиралд нартай, уулархаг нутгаараа салхины урсгал ихтэй зэрэг байгаль экологийн өгөгдөл нь   эдийн засгийн асар их  үр өгөөжтэй  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн тохиромжтой.  Монгол Улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.16 хувь буюу 748.9 сая.кВт.цагийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна.  Зөвхөн 2МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахад зургаан тонн зэс шаардагддаг.

Асар хурдтай хөгжиж буй  технологийн дэвшлээс улбаалан   шинэлэг,  үр ашигтай үйлдвэрлэлүүд  нэвтрэхийн хэрээр зэсийн хэрэглээ  ийнхүү  нэмэгдэх зах зээлийн төлөв ажиглагдаж байна.       

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд эхний тавд бичигддэг хэдий ч нар, салхин цахилгаан станц зэрэг  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс эхлээд цахилгаан автомашины үйлдвэрлэл, технологийн нарийн үйлдвэрлэлд ашиглагдах өндөр  ач холбогдол бүхий эрдэс бүтээгдэхүүний нэг болох зэсийг зөвхөн баяжмал хэлбэрээр экспортолсоор байна. 

Олборлолтоороо дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Оюутолгой орд, мөн жилд 580 орчим мянган тонн  зэсийн баяжмал үйлдвэрлэж буй   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  анхан шатны үйлдвэрлэлд хүдрийг   боловсруулж,  зэсийн баяжмалаа  зах зээлд гаргаж  байна.   “Бид зэсээ баяжмал хэлбэрээр буюу эдийн засгийн үр ашиг багатай байдлаар  гадагш нь экспортолж, эсрэгээрээ  эрчим хүчээ өндөр өртгөөр импортолсоор байна” хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдэлдээ дурдсан удаатай.

Монгол Улс энэ оны эхний 8 сарын байдлаар 1.1 орчим мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 218.4 сая ам.доллараар өссөн дүн юм.

Улаанбаатарын утаа гамшгийн байдалд хүрснийг дээр доргүй хүлээн зөвшөөрч, цахилгаан машины тоог нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах нэг гол гарц гэдгийг  түгжрэл хариуцсан сайд  нэгэнтээ дурдсан. Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эд анги 23 кг зэс агуулдаг бол цахилгаан автомашинд үүнээс 2.5 дахин их зэс ашигладаг. Дэлхий нийтэд энэ төрлийн автомашины жижиг эд ангийг үйлдвэрлэх өрсөлдөөн аль хэдийн эхэлчихсэн. Монгол Улс энэ өрсөлдөөнд хэзээ, ямар бодлоготой оролцох эсэх нь бас л  тодорхой бус байна.

Мөн гар утасны монгол брэнд гарч угсралтаа  хийн зах зээлд борлуулж буй хэдий ч түүхий эдээ  урд хөршөөс нийлүүлсэн хэвээр байна. БНХАУ хэдхэн хоногийн өмнө гар утасны гол түүхий эд болох хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг чухал түүхий эд болох галли, германий гэсэн хоёр төрлийн газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавилаа.  Мөн зэсийг үнэт металлын тоонд оруулсан байна.

Ийнхүү дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь тасралтгүй өсөж буй энэхүү эрдсийн бүтээгдэхүүний  улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн чадамж, өрсөлдөх чадварт гүйцэтгэх үүргийг тоочоод баршгүй. Гэсэн хэдий ч Монгол Улс зэсийн хүдэрт дөнгөж анхан шатны боловсруулалт хийсэн төдий  экспортод гаргасаар л  байна. Энэ нь бид нэмүү өртөг шингэсэн бичил  ялтас үйлдвэрлэж чадахгүйдээ бус,  харин  зах зээлээ даган хөрвөх чадваргүй байгааг батлан харуулж буй юм.