Австрали улсын Сидней хотод болж буй IMARC буюу Олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурал зохион байгуулж, уул уурхайн компаниуд мэдээлэл өглөө. Энэ жил 120 гаруй орны 470 орчим компани уг арга хэмжээнд оролцож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассоциац, " Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Оюутолгой", АМЕП хөтөлбөр, "Asian Bat", "Хан-Алтай ресурс", "Jade gas", "Занаду майнс", "ТМК энержи" зэрэг компанийн төлөөлөл хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулав.
Уг чуулганд Монгол Улс анх удаа тусгайлсан хөтөлбөртэй оролцож, бага хурал зохион байгууллаа. "Глобал боломжууд" сэдэвт салбар хуралдааны Монголын хөтөлбөрт бусад орны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцжээ. Монголын хөтөлбөрийг нээж Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит нар нээж үг хэлсний дараа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого”, "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металлийн группийн менежер Ц.Төгсбуян “Эрдэнэс Монго"л групп компанийн шинэчлэлийн бодлого, хөрөнгө оруулалтын боломжууд”, "Хан-Алтай ресурс" компанийн ТУЗ-ийн дарга Б.Гантулга “Хан-Алтай алтны төслийн 2 дугаар үе шат: Хөгжлийн боломжууд”, "Занаду майн"з компанийн гүйцэтгэх захирал Колин Муурхиид “Монгол Улсад Дэлхийн хэмжээний эрдэс баялгийн ордуудыг нээн илрүүлэх, тодорхойлох нь”, "Азийн баттерей минералс" компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Монгол Улсад баттерейн эрдэс баялгийн хайгуул”, Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (AMEP)-ийн төслийн удирдагч Рена Гуендуез “Эрдэс баялгийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна. IMARC арга хэмжээ 11 дүгээр сарын 2-нд өндөрлөнө.