Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаадын банкуудыг хүсэхэд учир бий

Ц.Элбэгсайхан

Монголд гадаадын банкны салбарыг нээх тухай асуудал үе үе сөхөгдөн, нэг хэсэг эрч авч байсан ч тэгсхийгээд намждаг. Бараг л мөнхийн сэдэв болсон. Мөнхийн сэдэв хэвээрээ үлдэж ч мэдэх юм. 

Гадаадын банкийг дотоодын жижиг зах зээлийн ширүүн өрсөлдөөнд оруулж ирэх нь салбараа тэр чигт нь татан унагах аюултай юу  эсхүл, хүмүүсийн хүсэн хүлээдэг шиг хүү буурч, банкны зээлийн олдоц нэмэгдэж, бизнесүүд цэцэглэн хөгжих үү гэдэг нь үнэн хэрэгтээ тулга тойрсон энэ сэдвийн хоёр туйл нь бөгөөд аль алинд нь үнэний хувь өчүүхэн билээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд   гадаадын банкийг Монголд нээх тухай ярин гарч ирснээр олон нийтэд банкны салбарыг либералчилж, шинэчлэлийн салхи оруулах гэсэн мэт харагдавч бодит байдалд Монголбанкны хараат бус байдлын эсрэг довтолж, эрх мэдлийг төрд  төвлөрүүлэх   илрэл мэт. Тэр санасандаа хүрлээ гэж бодоход эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг хэн, хэрхэн таамаглах билээ. Гэвч нөхцөл байдлыг бодитоор задлан шинжилж, хоёр туйлын хооронд орших зөрүүг ойртуулж байж асуудал нэг талдаа гарч, шийдэл олдох ёстой. 

Гадаадын банкууд ороод ирэхэд тэдний зээлийн шалгуурт тэнцэж чадах компани ч Монголд алга. 

Сайн, муу аль нь вэ?

Энэ сэдвээр 2014 онд бичигдсэн Монголбанкны нэгэн судалгааны өгүүллээс эш татвал “... эмпирик судалгаагаар дотоодын банкууд нь удаан хугацаанд түншлэлийн харьцаа тогтоосон найдвартай, танил, цөөн тооны зээлдэгч нарт зээлээ төлөх чадвар дутмаг байгааг үл харгалзан, санхүүжилт түлхүү олгодог хандлага байдаг. Харин гадаадын банк уг зах зээлд нэвтэрснээр санхүүжилт авч чадаагүй харилцагчдад санхүүгийн шинэ эх үүсвэр олгох боломжоор ханган, дотоодын банкуудын дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх эерэг нөлөө үзүүлдэг …” хэмээжээ. 

Энэ бол бидний хүсэн хүлээж буй гол өөрчлөлт. Судалгаагаар хүртэл тогтоогдсон эерэг тал мөн. Гэхдээ судлаач   Г.Борхүү  үргэлж­лүүлэн  бичихдээ “Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд гадаадын банкууд хэмжээ, цар хүрээний хувьд харьцангуй том зээлдэгчдэд санхүүжилт олгох хандлагатай болдог. Гадаадын банкуудын нөлөөллөөр дотоодын банкуудын үйл ажиллагаа хязгаарлагдмал болсон тохиолдолд жижиг, шинэ бизнес эрхлэгчдийн санхүүжилтэд хамрагдах боломж багасах эрсдэл байдаг” гэжээ. Харин энэ бол төөрөгдөл. 

Үнэн хэрэгтээ жижиг, шинэ бизнес эрхлэгчдэд банкны зээлд хамрагдах боломж өмнө нь байгаагүй, одоо ч үндсэндээ байхгүй. Энэ орон зайд банк бус санхүүгийн байгууллагууд амжилттай тоглон, хурдацтай өсөлтүүдийг харуулж, санхүүгийн технологиор банкуудтай “барьцах” болсон. Бас мега төслүүдийг хөдөлгөх том бөгөөд урт хугацаатай санхүүжилт олгож чадах үндэсний банк үгүй. Томоохон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд хэрэг болохоор гадаадын банкуудын гарыг харахаас өөр аргагүй болдог. Энгийнээр хэлбэл дотоодын банкууд богино хугацаатай, эрсдэл өндөртэй зээлийн зах зээл дээр ашиг олж амташсан, засаглал, өрсөлдөх чадвар тааруу, “малчны ломбард” шиг ажиллаж ирсэн. 

Сонирхолтой нь гадаадын банк орж ирснээр тэр бүр зээлийн олдоц нэмэгдээд байдаггүй аж. Харин ч бүр буурах хандлага ажиглагддаг гэсэн нь Эдийн засаг, хөгжлийн сайдын хүлээлтээс зөрж байна. Учир нь гадаадын банкууд хэдхэн том компанийг сорчлон сонгож харилцсанаар дотоодын банкуудын зээл олголт багасахад нөлөөлдөг байна. Жишээ нь 1990-ээд онд Энэтхэгт шинээр гадаадын банкууд орж ирсний дараа нийт санхүүгийн систем дэх хувийн салбарын зээл олголтын хэмжээ 8 хувиар буурчээ. Пакистан улсын хувьд мөн адил зүй тогтол ажиглагдсан ба гадаадын банкууд зөвхөн ашигт ажиллагаа сайтай зээлдэгчдэд л үйлчлэх хандлагатай байдаг аж. 

Сайн талаас нь харах юм бол үндэсний том аж ахуйн нэгжүүд  хувьцаат компани болох, баялгийн хуваарилалт илүү хүртээмжтэй болох нэг том хөшүүрэг болж болно. Гэвч…


Хувьцаа эзэмшигчдээ яах вэ?

Гадаадын банкны салбар Монгол Улсад орж ирснээр үндэсний банкуудад тулгарах хамгийн том эрсдэл бол хадгаламж эзэмшигчдээ алдах явдал. Энэ нь ерөнхийдөө дампуурахын цондон гэсэн үг. Үндэсний хөрөнгөтнүүд аль болох ам.долларын хадгаламжтай байхыг эрмэлздэг бол Монголын жижиг банкуудад тийм боломж хомс. Энэ тухай 10 жилийн тэртээх судалгааны ажилд дурдахдаа “Иймээс эрсдэлээ тараан байршуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалттай, гадаадын нэр хүнд бүхий банкуудтай дотоодын банкууд хамгийн багадаа төлбөрийн чадварын үзүүлэлтээ хангах хэмжээнд өрсөлдөх чадвартай болох хүртэл тодорхой хугацаа шаардлагатай юм” гэжээ. Үнэн хэрэгтээ ямар ч тодорхой хугацаа байхгүй. 
Саяхан л банкны салбарын хувьчлалыг амжилттай хийлээ гэж улс төрийн шоу зохион байгуулсан нь нэгхэн улирлын өмнө билээ. Эрх мэдэлтнүүд эргээд банкуудаа, хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчидтэй нь “хуурах” стратеги, тактик боловсруулснаа хэрэгжүүлж байгаа нь энэ гадаадын банкны салбар нээх урилга, заллага хэмээн хардаж болохоор   юм.

Шалгуурт тэнцэх компани байна уу

Бид ч оруулж ирье, урья залъя гээд нэг талдаа гарлаа гэж бодъё. Гэтэл Монголыг сонирхож байгаа гадаадын том банк хэд  байна вэ? Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын “Standard Chartered”, ING, “Bank of China”, ICBC, MUFG, SMBC гэх 6 банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар Английн “Standard Chartered”, Нидерландын ING болон Японы SMBC банк Монголыг орхиж гарлаа. Хятадын “Bank of China”, ICBC банк л Монголд үлдсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  хэлсэн. 

Яг үнэндээ гадаадын банкууд ороод ирэхэд тэдний зээлийн шалгуурт тэнцэж чадах компани ч Монголд алга. Учир нь “Онолын хувьд гадаадын санхүүгийн байгууллагууд дотоодын зах зээлд орохдоо зээлдэгчдийн албан ёсны тайлан, мэдээлэлд үндэслэн зээл олгодог бөгөөд ихэнх тохиолдолд томоохон зээлдэгчдэд үйлчилдэг. Нээлттэй бус мэдээлэл ашиглах буюу хаалттай компаниудад үйлчлэх боломж хязгаарлагдмал байдаг” аж. Өнөөдөр үндэсний топ аж ахуйн нэгжүүдийн дотор үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ ил тод тайлагнадаг, нээлттэй хувьцаат компани хэд байдаг билээ. Хаагдмал, нуугдмал том бизнесүүдэд тэгээд “Bank of China”-гаас өөр зээл өгч чадах   гадаадын  босго намхан банк байна уу? Эцэстээ, Хятадын төрийн оролцоотой банкнаас өөр сонголт үлдээгүй байхад Засгийн газраас “Гадаадын банкны салбар нээ” гэж “зарлигдах” нь мөн өөр учиртай байж болох уу?